Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29,30-03-2024
монгол

Шинэ мэдээ

2021 оныг “Монгол, Оросын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгоно


Densmaa 2020-09-22 12:09

“Сибирийн хүч-2” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг түргэтгэхийн төлөө цаашид ч хүч чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв

     ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тус улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийв. Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солицлоо. Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг  2021 онд өргөн хүрээнд, ёслол төгөлдөр тэмдэглэх нь зүйтэй гэж санал нэгтэй үзэж, түүхэн чухал ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө гаргасны үндсэн дээр улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, эрдэм шинжилгээ, спорт зэрэг чиглэлд олон арга хэмжээ хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Ирэх онд хоёр талаасаа өндөр, дээд түвшний айлчлал хэрэгжүүлэх талаар мөн ярилцаж, тодорхой ойлголцолд хүрлээ. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарал хандуулж, 2021 оныг “Монгол, Оросын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил” болгон зарлах боломжийн талаар ярилцлаа. Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон суурь бүрэлдэхүүнийг шинэчлэлд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр тогтов. Талууд хоёр талын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг цаашид ч гүнзгийрүүлэх сонирхолоо илэрхийлэв.  Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байдаг Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх эхний үе шат амжилттай дуусч буйг тэмдэглэж, дараагийн ээлжийн асуудлаарх хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлж, эцэслэн шийдвэрлэхийн төлөө ажиллахаа талууд илэрхийлэв. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг урагшлуулах, “Сибирийн хүч-2” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг түргэтгэхийн төлөө цаашид ч хүч чармайлт гарган ажиллахаар санал нэгдэв. Гадаад харилцааны сайд нар түүнчлэн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, НҮБ болон бүс нутгийн хамтын ажиллагааны механизмуудын хүрээнд хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхээ илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Ковид-19 халдварын тархалтын эсрэг эрчимтэй арга хэмжээ авч, “Cпутник-V” вакциныг боловсруулж, өөрийн улсын хүн ам төдийгүй бусад орны ард түмний эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буйд оросын талд баяр хүргэв.

Үзсэн: 1458

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна