Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Монгол - Туркийн харилцаа"


Densmaa 2021-12-21 12:12

Элчин сайд Зафер Атеш: "Бидний цаашдын зорилт бол Иж бүрэн түншлэлийн харилцаагаа Стратегийн түншлэлийн харилцаа болгож өргөжүүлэх явдал юм".

      Монгол улс, Бүгд Найрамдах Турк Улстай 1969 оны зургаадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ. Улмаар Турк улс 1996 онд Улаанбаатар хотноо, Монгол Улс 1997 онд Анкара хотноо Элчин сайдын яамаа тус тус нээсэн байна. Гэхдээ “Монгол-Турк хоёр орны харилцаа зөвхөн дипломат харилцаа тогтоосон 50 гаруй жилээр хязгаарлагдахгүй юм. Манай тооллын өмнөх 3-р зуунд байгуулагдан хүчирхэгжсэн Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг аймгууд багтаж байжээ. Манай тооллын 48 онд Хүннү гүрэн өмнөд, умард болон хуваагдаж, 93 онд мөхсөн байна. Умард Хүннүгийн удирдагч Жижиг Шаньюй баруун зүг нүүдэллэсэн нь түрэг аймгууд байжээ. Тэд 445 онд Дунай мөрний хөвөөнд Атилла тэргүүтэй Хүннү нарын хүчирхэг улс байгуулсан юм. Энэхүү түүхийн гэрч болсон 200 орчим түүх, соёлын олдвор, хөшөө дурсгал, хүн чулуу, бичээс болон булш Монголын тал нутагт бий.

Манай хоёр улсын харилцаа Монгол Улсад ардчилсан шинэчлэлийг эхлүүлсэн 1990 оноос хойш хурдацтайгаар хөгжиж “Иж бүрэн түншлэл”-ийн хэмжээнд хүрээд байна. Энэхүү харилцаандаа манай улс хэр өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл нь тус улсыг “гуравдагч хөрш”-өө хэмээн тооцдогоос харагдана.

Бид БНТУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд ноён Зафер Атештай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хийгээд хэтийн төлвийн талаар асууж тодруулсан юм.

Сэтгүүлч: Монгол Турк улсууд эртний уламжлалт түүхэн харилцаатай. Хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 50 гаруй жил болж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна. Та Монгол улсад Элчин сайдаар томилогдон ирснээс хойш хагас жил гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу хийж амжуулав?  Аль салбарт түлхүү анхаарал тавьж ажиллахыг зорьж байна вэ?

Элчин сайд Зафер Атеш: Юуны өмнө МҮОНР-ийн нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаад талархснаа илэрхийлэхийн ялдамд ах дүүгийн найрамдалт харилцаатай Монголын ард түмэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. 2019 онд манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгэхээр бидний орчин цагийн дипломат харилцааны түүх 50 гаруй жил болж байна гэсэн үг. Энэ ч утгаараа бидний харилцаа хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин хөгжиж байна. Миний хувьд Монгол ирээд 8 сар болж байна. Энэ хугацаанд Монголын цаг агаар, улиралд хэдийнээ дасан зохицоод байна. Мөн Монгол ахан дүүс маань их эелдэг найрсаг хүмүүс болохыг өөрийн биеэр мэдэрч байгаа дурдахад таатай байна. Бид Монголын түүх, өв соёлыг гүнээ хүндэтгэдэг. Манай хоёр орны хооронд хамтын ажиллагааны маш том өрөө хэдийнээ бий болсон. Миний хувьд энэхүү харилцаа хамтын ажиллагаа бүхий л чиглэлд чадах хэрээ өргөжүүлэн хөгжүүлэхийг хичээн ажиллаж байна. Өнгөрсөн 8 сарын хугацаанд би Монголын олон тооны өндөр албан тушаалын хүмүүстэй уулзаж, танай орны талаар илүү ихийг мэдэж авахыг зорьсон. Өнгөрсөн хугацаанд би Монголын хөдөө орон нутгаар явж, хэдэн хэдэн аймгаар зочилж, орон нутгийн удирдлагуудтай уулзаж, санал солилцсон. Мөн энэ хугацаанд шадар сайд ноён С.Амарсайхан Турк улсад ажлын айлчлал хийсэн. Өнгөрөгч 9-р сард хийсэн уг айлчлалын үеэр шадар сайд Амарсайхан Туркийн албаны хүмүүстэй уулзаж, чөлөөт бүсэд хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан юм. Өнгөрсөн хугацаанд болсон хамгийн чухал үйл явдал бол өнгөрөгч 11-р сард БНТУ-ын Анкара хотноо болсон хоёр орны Худалдаа, эдийн засгийн засгийн газар хоорондын 9 дүгээр хамтарсан хуралдааныг хийсэн явдал юм. Энэ маш үр өгөөжтэй хурал болсныг тэмдэглэн хэлмээр байна. Монголын төлөөлөгчдийн МУ-ын Батлан хамгаалахын сайд ноён Г.Сайханбаяр тэргүүлсэн бол Туркийн талаас БНТУ-ын Дотоод хэргийн сайд эрхэмсэг ноён Сулейман Сойлу тэргүүлж, хуралдааныг хамтран даргалж явуулсан. Тус хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа болон хөдөө аж ахуй, аялал жуулчлал, чөлөөт бүс, зам тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, харилцан тохиролцоонд хүрлээ.

Сэтгүүлч: Монгол Туркийн ард түмэн түүхэн харилцаатай. Түүний ул мөр өдгөө Монгол нутагт хадгалагдан үлдсэн нь олонтоо. Туркийн засгийн газрын зүгээс эдгээр түүхэн дурсгалуудыг хадгалах, хамгаалах чиглэлийн олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Одоо энэ чиглэлийн ямар төсөл хөтөлбөр хэрэгжиж байна вэ? Цаашид аялал жуулчлалыг хөгжүүлж, олон нийтэд сурталчлах тал дээр хийхээр төлөвлөсөн ажил бий юу?

Элчин сайд Зафер Атеш: Таны хэлсэнчлэн Монгол улс түүх соёлын дурсгалаар арвин орон. Гэхдээ одоо байгаа дурсгал төдийгүй цаашид олж илрүүлээгүй байгаа түүхэн дурсгалт зүйлсийг ч бид хайж олж , хадгалж хамгаалах нь чухал гэдгийг хэлмээр байна. ТИКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын зүгээс эдгээр түүх соёлын дурсгалыг хадгалж, хамгаалж, сурталчлах ажилд онцгой ач холбогдол өгч ажилладаг. Монголын талаас ч холбогдох газрууд, албаны хүмүүс нь хамтран ажилладгийг хэлэхэд таатай байна. Түүнчлэн манай хоёр улсын их сургуулиудын хамтын ажиллагаа маш сайн хөгжиж байна. Монгол улсын их сургууль, Туркийн Измир Катип Челеби Их сургуулийн хамтаран Түрэг судлалын хүрээлэнг өөр өөрийн сургууль дээр байгуулсан. Мөн Монгол улсын их сургуулийн Түрэг судлалын тэнхим үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байна. Түрэг судлалын хүрээлэн, Түрэг судлалын тэнхимүүд дээр дурдсан түүх соёлын дурсгалыг нээн илрүүлэх болон бусад хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх тал дээр идэвхтэй ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй юм. Бас нэгэн чухал зүйл бол Орхоны хөндийн хосгүй үнэт түүхэн дурсгалыг хадгалж, хамгаалж, сурталчлах зорилготой 2007-оос 2008 онд байгуулагдсан Хөшөө цайдамын музей юм. Уг музейг ТИКА-гийн төслийн хүрээнд Туркууд барьж байгуулсан бөгөөд Хархорин сумаас 45 км-ын зайд байрладаг. Бид яг ийм музейг Налайх дүүрэгт мэргэн сайд Тоньюкукийн гэрэлт хөшөө байдаг газар барихаар төлөвлөж байна. Бид хэдийнээ 11 км засмал замыг барьчхаад байгаа. Одоо Монголын холбогдох байгууллагаас музейг барих зөвшөөрөл авах асуудал сүүлийн  шатандаа явж байна. Энэ сардаа багтаад бараг болчих байх гэж бодож байна. Тиймээс музейн барилгын ажил тун удахгүй эхэлнэ гэсэн үг юм. Ийнхүү музей барьж байгуулж байгаа явдал нь түүхийн дурсгалыг хадгалж хамгаалж байгаа төдийгүй Монголын аялал жуулчлалын салбарт өөрийн хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлж болно. Туркээс ирэх жуулчдын тоо нэмэгдэхээс гадна дэлхийн бусад орнуудын жуулчид ч энэ музейг үзнэ шүү дээ.

Сэтгүүлч: Монголчууд Турк улсад 30 хоног визгүй зорчдог нь хоёр орны аялал жуулчлал төдийгүй жирийн иргэдийн харилцаанд сайнаар нөлөөлөх чухал алхам болсон. Цаашид Монгол улсыг Туркид сурталчлах, Туркийг Монголд сурталчлах талаар ямар ажлуудыг хийх вэ?

Элчин сайд Зафер Атеш: Аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар ярихын тулд Tуркиш Эйрлайнсын Монгол руу хийдэг шууд нислэгийн талаар эхэлж ярих нь зүйтэй юм. 2019 онд хийсэн гэрээний даруу Tуркиш Эйрлайнс компани Туркээс Монгол руу долоо хоногт 3 удаагийн шууд нислэгийг үйлдэж эхэлсэн. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан цар тахалаас шалтгаалан энэхүү нислэг хэсэг хугацаанд зогсоод байсан юм. Харин өнгөрөгч 11 дүгээр сарын сүүлээс эхлэн шууд нислэг сэргэж, хэвийн горимдоо  орж, 7 хоногт 3 удаагийн нислэг үйлдэж байна. Ийнхүү Tуркиш Эйрлайнсын шууд нислэгийн тоо нэмэгдэж гэмээ нь Монгол ирэх жуулчид төдийгүй хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэнэ гэсэн үг юм. Мөн Анкара хотноо саяхан болсон хоёр орны Худалдаа, эдийн засгийн засгийн газар хоорондын 9 дүгээр хамтарсан хуралдааны үеэр аялал жуулчлалын цаашдын хамтын ажиллагааны талаар чухал зүйлсийг ярилцаж, протоколд оруулсныг энд тэмдэглэн хэлмээр байна Монголын талаас аялал жуулчлалын томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх саналыг гаргасан. Тухайлбал Монголын талаас аялал жуулчлалын салбарт Орхоны хөндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Энэ асуудалд Туркийн талаас тус төслийн ТЭЗҮ-г боловсруулах тал дээр тусалж, техникийн болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх талаар ярилцсан. Түүнчлэн Хархорин дахь нисэх онгоцны буудлыг шинэчлэх асуудлыг хөндсөн. Энэхүү шинэчлэл нь хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд тун удахгүй шийдэгдэх байх. Хоёр орны аялал жуулчлалыг нэмэгдүүлэхийн тулд Tуркиш Эйрлайнсын Монгол дахь төлөөлөгчийн газраас ойрын үед монголчуудад  зориулсан аялал жуулчлалын сурталчилгааг мөн явуулахаар төлөвлөж байна.

Сэтгүүлч: Шууд нислэг нэмэгдсэнээр жуулчид төдийгүй Монголд ирэх хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдэнэ гэж та сая ярилаа. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлт жилээс жил нэмэгдэж байна. Туркууд Монголчуудтай ямар салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байдаг вэ? Туркээс орж ирж байгаа хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийн талаар тодруулна уу?

Элчин сайд Зафер Атеш: Юуны өмнө Турк Монголын худалдаа, эдийн засгийн харилцаа ямар одоо байгаа талаар тодорхой мэдээлэл өгөх нь зүйтэй байх. Манай хоёр орны худалдааны эргэлт 2020 оны байдлаар 40 сая ам. доллар байсан. Үүнээс Туркийн талд 35 сая гаруй нь ногдож байна. 2020 онд Туркийн талаас радиатор, шарах шүүгээ, чанагч, ус буцалгагч, чихэр чихрэн бүтээгдэхүүн, үнэт эдлэл, жигнэмэг, эмийн бүтээгдэхүүн, живх, шоколад зэргийг Монгол руу экспортолсон бол Монголын талаас Турк руу мөнгө, молебдений баяжмал, арьс шир, өлөн гэдэс, ноолууран болон нэхмэл бүтээгдэхүүн экспортолсон байна. Харин энэ оны хувьд хоёр орны худалдааны эргэлт өссөн үзүүлэлттэй байна. Хэдийгээр 12 дугаар сар дуусаагүй, жилийн эцсийн дүн хараахан гараагүй байгаа ч энэ оны эхний 11 сарын байдлаар хоёр орны худалдааны эргэлт 60 сая ам. долларт хүрсэн мэдээтэй байна. Өөрөөр хэлбэр өнгөрсөн жил 40 сая ам. доллар байсан худалдааны эргэлт энэ жил 60 гаруй сая болж өссөн гэсэн үг юм. Үүнд Туркийн талын дүн өсөлттэй гарсан нь чухал нөлөө үзүүлсэн. Гэхдээ бид Турк руу гаргаж буй Монголын талын экспортыг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа юм. Ингэж байж хоёр орны худалдааны бараа эргэлт харилцан тэнцвэртэй болно. Манай хоёр орны хувьд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх эдийн засгийн бүрэн боломж бий гэж үздэг. Иймд дээр дурдсанаар бусад салбарт хамтран ажиллах боломжуудыг нэмэгдүүлэх нь чухал юм. Та түрүүн ямар салбарт хамтран ажиллах боломжууд байна вэ гэж асуусан. Турк улс бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ Европт төдийгүй дэлхийд маш чухал төвд тооцогддог. Мөн эдийн засгийн хувьд хүчирхэг улс. Тиймээс эдийн засгийн хамтын ажиллагаанд хязгаар гэж байхгүй. Бид хамтын ажиллагаагаа улам бүр тэлэх боломжтой. Тухайлбал Монгол улс мал сүргээр баян орон. Тиймээс Туркийн бизнес эрхлэгчид арьсан бүтээгдэхүүний салбарт Монголтой хамтран ажиллах сонирхолтой байдаг. Энэ нь хөрөнгө оруулагчдыг татаж, хамтран ажиллах сайхан боломжуудын нэг гэж бодож байна. Мөн Монголын талаас олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх аваас Туркийн талаас Монголын махыг авах сонирхол бас байдаг. Түүнчлэн дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж боломж байна. Ялангуяа барилгын салбарт хамтран ажиллах боломжтой. Учир нь Турк улс барилгын салбарт дэлхийд эхний гуравт орохоор өндөр хөгжилтэй улс. Харин Монгол улсын хувьд барилга, дэд бүтцийн салбар хурдацтай хөгжиж байгаа учир Туркийн тал гол тоглогчдын тоонд орох бүрэн боломжтой гэж харагдаж байгаа юм. Гэхдээ одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын хэмжээ хараахан хүссэн түвшинд хүрээгүй байсаар байна. Гэсэн ч Туркийн компаниуд өөрийн хувь нэмрээ оруулсаар байгааг дурдмаар байна. Жишээ нь Туркийн нэгэн барилгын компани Буянт-Ухаагийн Цэвэрлэх байгууламжийг 2018 онд барьж дуусгаж, ашиглалтад оруулсан. Бас нэг компани ус цэвэрлэх байгууламжийн төсөл дээр ажиллаж байна. Уг ажил энэ онд эхэлсэн. Энэ мэтчилэн монгол хөрөнгө оруулах, хамтран ажиллах хүсэлт сонирхол Туркийн бизнес эрхлэгчдийн дунд өндөр байдаг.

Сэтгүүлч: Туркууд нийгмийн болон хүмүүнлэгийн салбарт тусалж дэмждэгт нь монголчууд талархалтай ханддаг. Боловсрол, соёл, хэвлэл мэдээллийн салбарт туркийн засгийн газраас түлхүү анхаарал хандуулж, тусалж дэмждэг гэж ажиглагддаг. Цаашид энэ тусламж дэмжлэг аль салбарт хандах вэ?

Элчин сайд Зафер Атеш: Энэ асуултад хариулахын тулд би Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг  буюу ТИКА-гийн талаар яримаар байна. Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ТИКА маш чухал оролцоотой ажиллаж ирсэн. ТИКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь Монголд үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллагуудын анхдагчдын тоонд ордог. 1990-ээд оны эхний хагаст Монгол төлөөлөгчийн газраа нээсэн түүхтэй. ТИКА өөрийн төсөл хөтөлбөрөөрөө дамжуулан эгэл жилийн монгол хүмүүсийн өдөр тутмын амьдралд нэмэр болохуйц олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Ялангуяа боловсрол, худалдаа, ажлын байр нэмэгдүүлэх болон соёлын салбарт чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Элгээр төсөл хөтөлбөрүүд нь Монголын олон нийтэд чиглэсэн байдгаараа онцлог. ТИКА-гийн төсөл хөтөлбөр өнөө ч тасралтгүй үргэлжилсээр л байна. Би хөдөө орон нутаг, аймгуудаар явж байхад ТИКА-гийн төсөл хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг харахын зэрэгцээ, аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзахдаа өөр ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж болох талаар санал солилцож, ярилцаж байсан. Энэ мэтчилэн ТИКА-гийн дэмжлэг туслалцаа цаашид үргэлжилж, төсөл хөтөлбөрүүдийн тоо нэмэгдэнэ гэж найдаж байна.

Түүнчлэн боловсролын салбарт Туркийн засгийн газрын тэтгэлгээр Туркт суралцуулдаг Монгол оюутнуудын тоог улам бүр нэмэгдүүлэх чиглэлд ажиллаж байна. Өнөөдөр Туркт төгсөгчдийн холбоонд бүртгэлтэй 3000 гаруй Монгол залуус байна. Энэ бол харьцангуй их тоо юм. Гэхдээ энэ тоо улам бүр нэмэгдэнэ гэж найдаж байна. Энэ жилийн хувьд Туркийн засгийн газрын тэтгэлгээр 55 оюутан шинээр тэтгэлэгт хамруулсан. Соёлын салбарт бид түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалах, сурталчлах тал дээр ТИКА-гийн төслүүдээр дамжуулан дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно. Монгол улс эртний түүх соёлын дурсгалаар баялаг улс тул тэдгээрийг хадгалж хамгаалах асуудал чухалд тооцогдсоор ирсэн. Санхүүгийн дэмжлэгийн зэрэгцээ техникийн болон мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлэх нь маш чухал байдаг. Иймд энэ салбарт харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хөгжих болно. 

Сэтгүүлч: Ойрын үед ЭСЯ-ны зүгээс хийхээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

Элчин сайд Зафер Атеш: Цар тахлын хүнд үеийн дараа хоёр талын харилцан айлчлалыг сэргээх нь манай ЭСЯ-ны нэн тэргүүний ажил. Иймд ойрын үед ерөнхийлөгч, ерөнхий сайд, сайд нарын зэрэг өндөр, дээд хэмжээний айлчлалыг сэргээж, зохион байгуулахыг зорьж байна. Монгол, Турк улсууд Иж бүрэн түншлэлийн харилцаатай. Түүнчлэн Монгол улс Туркийг гурав дахь хөршөө хэмээн зарлан тунхагласан.  Үүнд бид бүхэн маш талархалтай байдаг. Бидний цаашдын зорилт бол Иж бүрэн түншлэлийн харилцаагаа Стратегийн түншлэлийн харилцаа болгож өргөжүүлэх явдал юм. Үүнд улс төрийн түлхэц хэрэгтэй юм. Иймд хоёр талын өндөр дээд хэмжээний эхний айлчлалаар энэ харилцааг ахиулах болов уу гэж найдаж байна. Түүнчлэн өнгөрсөн Засгийн газар хоорондын хуралдаанаас гарсан хийж ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх явдал манай хоёр талын хувьд нэн тэргүүний ажил байх болно. Уг хуралдааны хүрээнд олон шийдвэр гарсан бөгөөд одоо ажил хэрэг болгож, үр дүнгээ үзэх нь хоёр талын гэрийн даалгавар болоод байна. Мөн ЭСЯ-ны зүгээр Монголын засгийн газрын болон орон нутгийн албаны хүмүүстэй харилцаа холбоогоо нэмэгдүүлж, харилцаа хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцсоор байх болно. Мөн нийслэл Улаанбаатар хотод хоёр орны харилцаа хамтын ажиллагааг сурталчилсан арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Элчин сайд Зафер Атеш: Төгсгөлд нь хэлэхэд радиогийн цэнхэр долгионоор сонсогчидтой уулзуулах боломж олгосон та бүхэнд талархлаа илэрхийлье. 

Үзсэн: 1303