Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

Дэлхийн Банк сайн засаглалыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгалын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ


Densmaa 2022-12-15 11:12

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик, Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев нарыг хүлээн авч уулзлаа.

     УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны зүгээс Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаа болоод Монголын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаа уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр “Шинэ сэргэлт-Эрх зүйн 10 шинэчлэл”-ийн хүрээнд хууль тогтоомжийн шинэчлэлийн гурван тулгуур бодлогыг ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэлээ. Хууль тогтоомжийн шинэчлэлийн 10 багц хөтөлбөрийн нэг нь бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хувийн хэвшлийг дэмжих асуудал юм. Үүнд хувийн хэвшилд илүү орон зай бий болгох, хувийн хэвшил, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн шударга бус өрсөлдөөнийг арилгах зорилгоор Улсын Их Хурал Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Шинэчлэлийн хоёр дахь тулгуур нь маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй шийдвэрлэх механизмыг бий болгох, гэрээний хэрэгжилтийг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. Энэ хүрээнд Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хууль өргөн баригдаж, удахгүй Улсын Их Хурлаар хэлэлцэнэ. Гурав дахь шинэчлэлийн хувьд бизнес, хөрөнгө оруулалтын орчны хууль эрх зүйн суурь орчныг шинэчлэх цогц арга хэмжээ байх болно гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэлээ.

    Дэлхийн Банкны БНХАУ, БНСУ болон Монгол Улсыг хариуцсан захирал хатагтай Мара Уорвик Улсын Их Хурлаас баталж буй хууль тогтоомж болон цаашид авах арга хэмжээ нь Дэлхийн Банкнаас гаргасан тайлан, зөвлөмжтэй уялдаатай болохыг тэмдэглэж, зоримог реформ хийж байгаад баяртай байна гэв. Тэрбээр Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, мөн цаашид авах арга хэмжээний хүрээнд жижиг, дунд бизнесийг дэмжих, төрөлжүүлэх, мөн ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Улсын Их Хурлын даргын дурдсан хууль тогтоомжууд батлагдсанаар хувийн хэвшил болоод бизнесийн үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Иймд Дэлхийн Банкны зүгээс техникийн туслалцаа үзүүлээд зогсохгүй сайн засаглалыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүч, уур амьсгал зэрэг хөтөлбөрийг ирэх жилээс хэрэгжүүлэх болсныг дуулгахад таатай байна гэлээ. Талууд хууль тогтоох үйл явцад иргэд болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-аас танилцуулсан “D-Parliament” цахим платформ, Дэлхийн Банкны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр болон бусад асуудлаар санал солилцсон байна.

Үзсэн: 806