Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 10,11-05-2024
монгол

Шинэ мэдээ

БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ


Densmaa 2023-04-24 01:04

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтын ажиллагаа, олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ

         Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад 2023 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд төрийн айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно. Айлчлалын хүрээнд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон худалдаа, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, архив, геологи, мал эмнэлэг зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ.

      Монгол улс Бүгд найрамдах Польш улстай 1950 оны 4 дүгээр сарын 14-нд дипломат харилцаа тогтоож, манай улс 1959 онд Варшавт, польшийн тал 1960 онд Улаанбаатарт ЭСЯ-аа тус тус нээж байв.  Монгол Польш харилцааны түүхэнд адил төстэй үйл явдал олон байдаг. Тухайлбал, одоогоос 25 жилийн өмнө Польш улс Европ тивд анх удаа нийгмийн өөрчлөлт хийсэн бол Монгол Улс мөн ийм өөрчлөлтийг Ази тивд анх удаа амжилттай эхлүүлжээ. Монгол Польш хоёр орон ардчилсан тогтолцоонд шилжсэн үеэс хойш буюу 1990 оноос эхлэн бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ зарчимд нийцүүлэн сэргээх чиглэлд ажиллаж байна. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарч, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хоёр орны Засгийн газар адил байр суурьтай байгаа юм. Монгол улс нь Польшийн Ази дахь худалдааны 36 дахь, дэлхийн 116 дахь түнш орон. Худалдааны эргэлтийн ихэнх хувийг Польшийн экспортын бараа бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд хүнсний бэлэн бүтээгдэхүүн, хими болон эдгээртэй адилтгах бараа бүтээгдэхүүн экспортын 61 хувийг эзэлж байна. Монголоос импортолдог бараа бүтээгдэхүүний хувьд голдуу ургамлын гаралтай бүтээгдэхүүн, ноос, ноолуур, сүлжмэл эдлэл багтдаг. Мөн олон жилийн турш монголчуудын сурч боловсрох дуртай газар нь Польш орон байсаар иржээ. Үүний нөлөөгөөр өнөөг хүртэл Монголын нийгмийн сор болсон төлөөлөгчид польш хэлийг гаргууд сайн эзэмшиж, Польш орны талаар, оюутан ахуй цагийн халуун дотно дурсамжаа тээж явдаг юм. Түүнчлэн хоёр орны шилдэг Улсын их сургуулиудад польш судлал, монгол судлалын төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд угсаатны зүй, палентологи зэрэг нарийн мэргэжлийн шинж­лэх ухааны салба­руудад хамтын ажиллагаа уламжлал болон тогтжээ. Одоогийн байдлаар Польшид манай 1000 орчим иргэн оршин сууж байна. 800 гаруй монгол оюутан сурч байгаа­гийн зэрэгцээ уламжлалт анагаах ухааны чиглэлээр 100 гаруй эмч ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны парламент хоорондын болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа билээ.

Үзсэн: 378

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна