Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 29-04-2024
Mongol

Шинэ мэдээ

“Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт боллоо


Densmaa 2023-10-27 03:10

Монгол-Туркийн соёл урлагийн салбарын хамтын ажиллагаа жил бүр өргөжин хөгжиж байна.

    Монгол-Туркийн харилцаа МЭӨ III зуунд өнөөгийн Монголын газар нутаг дээр байгуулагдсан Хүннү гүрний үеэс эхлэлтэй. Өнө эртнээс улбаатай энэ найрамдалт харилцаа нь олон мянган жилийг өртөөлөн уламжлагдсаар өнөөг хүрлээ. Манай хоёр улс 1969 оны зургаадугаар сарын 24-нд хоорондоо дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Туркийн тал 1996 оноос Улаанбаатар хотод элчин сайдын яамаа нээн ажиллуулсан бол Монгол улсын элчин сайдын яам 1997 оноос Анкарад ажиллаж эхэлжээ. Мөн Станбул хотод Монгол улсын Ерөнхий консулын газар үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол-Турк хоёр орны орчин цагийн харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин дэвжиж соёл урлагийн салбар хүрээгээ тэлж байна. Түүний нэгэн жишээ нь Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 100 жилийн ойн хүрээнд үзэгчдийн хүртээл болгосон “Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолт юм. Тус тоглолтыг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Улаанбаатар теарт хамтран зохион байгуулжээ.

Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш: Бид өнгөрсөн жил энэ удаагийнхтай адилхан тоглолт зохион байгуулсан. Турк, Монголын соёл маш ойрхон, ижил төстэй зүйлс олонтой ялангуяа хөгжмийн тухайд төстэй зүйлс олон бий.  Иймд бид энэхүү тоглолтоо энэ жил үргэлжлүүлж уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн жил Туркээс квартет хамтлаг ирж тоглосон бол энэ жил хослол хөгжмийн тоглолтыг үзүүлж байна. Энд ирсэн уран бүтээлчид маань нэр хүндтэйд тооцогддог хөгжимчид бөгөөд Анкарагийн Соёл урлагийн их сургуульд лекц уншдаг багш нар учир маш сайн илтгэгчид гэж хэлж болно. Энэ удаа манай хоёр уран бүтээлч маань Монголын үзэгч, сонсогчдод зориулан Улаанбаатар театрын Хангарьд чуулгатай хамтран 10 дугаар сарын 19, 20-нд тоглолтоо хийлээ. Монгол улс бол бидний чухал түнш бөгөөд тиймдээ ч хоёр орны харилцаа хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэхийг зорьдог. Соёлын салбар бол тэдгээрийн нэг нь юм. Учир нь соёлын харилцаа бол иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлдэг чухал салбар юм. Тиймээс бид энэ удаагийнх шиг соёлын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах болно. Турк, Монгол улсууд ижил төстэй түүх, соёлтой, эрт дээр үеэс ах дүүгийн барилдлагатай явсаар өнөөг хүрсэн. Улаанбаатар дахь БНТУ-ын ЭСЯ-ны зүгээс энэхүү уламжлалт харилцааг цаашид бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллах болно.

    “Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолтыг Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчид, Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн “Хангарьд” найралтай хамтран толилуулсан. Энэхүү тоглолтод Анатолийн бүс нутгийн “Саз” хэмээх чавхдаст хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийн дээжийг өвөрмөц арга барил, техникээр тоглож Монголын ард түмэнд сонирхуулснаараа ихээхэн онцлог байлаа. Турк улсын үндэсний “Саз” хөгжмийн олон төрөл байдаг. Тухайлбал, Гурван чавхдаст “Саз” гэж бий. Энэ зэмсэг нь Анатолийн хөгжмийн соёлд гүн гүнзгий түүхтэй. Хэмжээ нь уламжлал ёсоор 60-90 см-ийн хооронд хэлбэлздэг ч сүүлийн үед янз бүрийн хэмжээтэй хийгддэг болжээ. Энэ хөгжмийг сарвуу, хуруугаар цохих, чавхдас татах гэсэн гурван үдсэн техникээр тоглож болдог байна. Мөн “Басс саз” гэж бас бий. Намуухан, зөөлөн дуу авиатай  “Басс саз” хөгжмийн зэмсэг нь энэ төрөл дотроо хамгийн шинэ хөгжмийн зэмсгүүдийн нэг юм. “Басс саз” нь олон төрлийн дуу авиаг хамгийн доод өнгөөр гаргадаг төдийгүй нөгөө талаар басс гитартай төстэй үүрэг гүйцэтгэдэг ажээ. “Саз” хөгжмийн зэмсгүүд дотор хамгийн өргөн хэрэглэгддэг нь "Урт хүзүүт саз" юм. Уг хөгжмийн зэмсгийг цохиур ашиглан тоглодог. Металл утас ашиглан саз хөгжмийн чавхдасыг хийх болсон цагаас эхлэн цохиур ашиглан тоглох арга барил үүсэн гэж үздэг. Урт хүзүүт саз нь доод хэсэгтээ гурав, дундаа хоёр, дээд хэсэгтээ хоёр гээд нийт долоон чавхдастай гэдгээрээ онцлогтой. “Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолтод оролцсон уран бүтээлчид саз хөгжмийн хоёр өөр төрлөөр тоглож монгол үзэгчдийн сонорыг мялаалаа.

Бүгд Найрамдах Турк улсын хөгжимчин Синан Аяылдыз: Баглама буюу Саз гэгддэг Турк хөгжмийн зэмсэг нь маш түгээмэл бөгөөд Турк хүмүүс амьдардаг бүс нутгуудад олон төрөлтэй байдаг. Энэ удаагийн тоглолтоор 2 төрлөөр нь хөгжим тоглолоо. Нэг нь цохиураар тоглодог төрөл, нөгөө нь гараар тоглодог төрөл. Энэ хоёр зэмсгийг хослуулан ардын хөгжимд тулгуурласан хөгжмийн үзүүлбэрүүдийг үзүүлсэн. Анх Монгол уран бүтээлчид болон найрал хөгжмийг хараад маш гайхалтай сэтгэгдэл төрсөн. Бидний илгээсэн нооттой нийцүүлэн маш сайхан зохион байгуулалт хийж гайхалтай уран бүтээлүүдийг бий болгож чадсан. Үүнээс гадна бид хоёр долоо хоногийн өмнө Монголын хөгжимчидтэй хамтран тоглох уран бүтээлүүдийн ноотыг авч бэлтгэлээ хийж эхэлсэн. Хөгжим өөрөө маш олон нийтлэг шинж чанартай байдаг учраас хурдан хугацаанд сурч өөрсдийн хөгжмийн зэмсэгтэй нийцүүлж чадсан. Нэн түрүүнд энэхүү тоглолтыг зохион байгуулсан БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ивээн тэтгэсэн Turkish Airlines-т талархал илэрхийлмээр байна. Тоглолтод олон улсын төлөөлөгчид ирсэн учраас Монгол, Туркийн соёлын нийтлэг хэв маяг, шинж чанарыг таниулсан тоглолт болсон гэж бодож байна. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдана гэдэгт итгэж байна.

     Хөгжимчин Синан Аяылдыз нь Истанбулын Техникийн Их Сургуулийн Турк хөгжмийн улсын консерваторын Турк хөгжмийн тэнхимд магистр, мөн тус их сургуулийн Хөгжмийн ахисан түвшний судалгааны төвд докторын зэргээ хамгаалсан. 2003 онд "Дөрвөн Чавхдаст Баглама" хамтлагийг байгуулж дотооддоо төдийгүй гадаадад олон тоглолт хийжээ. Улмаар 2008 онд "Бандура" болон "Этни-Ка" хамтлагийг байгуулсан бөгөөд 2009 онд олон улсын хөгжимчдийн Stereognosis төсөлд хөгжмийн бичлэгээ хийлгэхээр хамтлагаараа АНУ-д уригдаж, 2011 онд "Stereognosis Hybrid" цомгоо AНУ-ын зах зээлд гаргасан байна. Мөн түүний 2014 онд байгуулсан "Месел" хамтлаг нь Орос Улсын Крутушка угсаатны хөгжмийн наадамд анхны тоглолтоо хийж, 2015 оны 11 сард Лондонгийн Ноур наадмын хүрээнд дэлхийн хамгийн нэр хүндтэй танхимуудын нэг болох Рояал Албертэд тоглолтоо хийжээ. Хөгжимчин Синан Аяылдыз 2021 онд Португалийн Порту хотноо зохиогдсон “Womex” дэлхийн хөгжмийн үзэсгэлэнд Турк Улсыг төлөөлөн шүүгчээр оролцсон. Өнөөг хүртэл гитарын "Ронда", "Мандолин" Истанбулын Техникийн Их Сургуулийн "Багламаны өдрүүд" зэрэг наадмууд болон Москва, Мадрид, Манхайм хотуудад бие даасан тоглолтоо хийсэн шилдэг уран бүтээлч юм. Одоо тэрээр Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн Их сургуулийн Тайз, дэлгэцийн урлагийн тэнхимд  багшилж байна.

    “Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолтод Турк улсыг төлөөлөн оролцсон хоёрдох уран бүтээлч бол Салих Гүндогду юм. Тэрээр энэхүү авьяасаа гэр бүлийнхнээсээ өвлөн авсан бөгөөд түүний ээж хүчтэй сайхан хоолойтой нэгэн гэнэ. Хэлд орсон цагаасаа дуулж эхэлсэн тэрээр найман настайдаа хүүхдийн найралд орж дуулдаг болсон байна. Тэр үед “Саз” хөгжим тоглодог хүмүүс их байсан учраас сонирхлыг нь ихээр татаж улмаар тоглож сурчээ. Харин өнөөдөр “Саз” хөгжим түүний амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. 

Бүгд Найрамдах Турк улсын хөгжимчин Салих Гүндогду: Миний тоглодог Саз хөгжим нь долоон чавхдастай бөгөөд зандан, арц, ялам модоор хийгддэг. Монголд морин хуур маш чухал ач холбогдолтой хөгжмийн зэмсэг байдаг шиг бидний хувьд Анатолид их түгээмэл байдаг энэхүү саз хөгжим нь маш чухал соёлын өв юм. Миний хувьд жил хагасын өмнө Монгол Улсад ирж тоглолт хийж байсан туршлагатай боловч энэ удаа тоглолтын хөтөлбөрөөр илүү олон бүтээлээр үзэгчдийн сонорыг мялаалаа. Энэхүү тоглолтыг үзэгчдийн хүртээл болгоход сар гаруй хугацаанд бэлдсэн. Мөн Монголын хөгжимчидтэй хамтран тоглосон Сэрсэн тал хэмээх уран бүтээлийг долоо хонгийн турш бэлдсэн. Монгол уран бүтээлчидтэй хамт хоёр өдөр тайзан дээр бэлтгэл хийж энэ удаагийн тоглолтыг үзэгч түмэнд амжилттай хүргэлээ. Үзэгчдийн сэтгэгдэл маш өндөр байсан тул цаашид ийм арга хэмжээнүүд Монголд болон бусад улс орнуудад зохион байгуулагдаж олон түмэнд хүрээсэй гэж хүсэж байна. Уран бүтээлч хүн үргэлж үзэгчдэд маш өндөр сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэг. Тийм учраас тоглолт маань үзэгчдэд таалагдсан гэж бодож байна. Дээрээс нь Турк Ардын хөгжим нь маш өргөн цар хүрээтэй боловч энэ удаагийн тоглолтоор зөвхөн нэг хэсгийг үзэгчдэд сонирхууллаа. Ялангуяа Монгол хөгжимчидтэй хамтарсан үзүүлбэр үзэгчдэд маш их таалагдсан гэдэгт итгэл төгс байна. 

     Турк улсад “Саз” хөгжмөөс гадна олон төрлийн язгуур хөгжмийн зэмсгүүд бий. Тухайлбал ЗУРНА – БҮРЭЭ гэх нэгэн сонирхолтой хөгжим байна. Зурна гэдэг үгийн гарал үүсэл нь Перс хэлээр хурим, зэгс гэсэн утгатай. Сур, Най гэсэн үгнээс гаралтай ажээ. Хятад, Ази, Ойрхи Дорнод Хойд Африк, Анатоли, Балкан болон Хойд Европын газар нутагт маш олон төрлөөр байдаг хөгжим юм. Энэхүү хөгжмийн зэмсэг нь гараас их бие рүү чиглэлтэй конус хэлбэрээр өргөсдөг хос зэгстэй модон хөгжмийн зэмсэг. Уг хөгжмийг хийхэд чидун, чангаанз, хар бут зэрэг модны төрлүүдийг хамгийн их ашигладаг байна. Анатолид Зурна-Бүрээ нь Каба, Орта, Жура гэсэн гурван үндсэн төрөлтэй байдаг ажээ. Үүнээс гадна Балабан, Дудук, Мэй зэрэг сонирхолтой хөгжмийн зэмсгүүд бас бий.  Энэ гурван зэмсэг нь нэг төрөлд багтдаг боловч өөр өөр бүс нутгуудад тоглогддог тул их биеийн хийц өнгө аясын хувьд ялгаатай. Балабан хөгжмийн зэмсгийг ихэвчлэн Азербайжаны бус нутагт, Дудук хөгжмийг Армен, Гурж, Зүүн Анатолид, харин Мэй хөгжмийг Зүүн хойд болон Зүүн Анатолид тоглодог байна. Мэй хөгжмийг хийхэд эр зэгс гэж нэрлэдэг хатуу зэгсийг ихэвчлэн ашигладаг бол Дудук, Балабаныг хийд эм зэгс болох зөөлөн өнгөтэй зэгсээр хийдгээрээ онцлогтой.

   “Турк-Монголын уламжлалт ардын хөгжмийн соёлын солилцоо” хамтарсан тоглолтын төгсгөлд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, нэрт хөгжмийн зохиолч Шаравын “Сэрсэн тал” хэмээх гайхалтай уран бүтээлийг Монгол-Турк хөгжимчид хамтран тоглосон. Энэ нь манай хоёр орны язгуур урлагт ижил төстэй зүйл их байгааг илэрхийлэхээс гадна хөгжмийн хэлээр хэрхэн ойлголцож, нөхөрлөж болдгийг батлан харууллаа.

Үзсэн: 905

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна