Монгол цэргийн өрлөг жанжин Сүбээдэй
Сүбээдэй жанжны мэндэлсний 850 жилийн ой тохиож байна. Тэрээр 60 гаруй тулалдаанд орж ялсан нь дэлхийн түүхэнд бичигдэн үлджээ.
Дэлхийн түүхийн хуудсыг сөхөхөд хүн төрөлхтний хувь заяанд нөлөөлсөн олон жанжин, төрийн зүтгэлтэн, их сэтгэгчид бий. Тэдний дундаас Монголын тал нутгаас төрж, Ази, Европын өргөн уудам орон зайд цэргийн их хүчийг удирдан, дэлхийн цэргийн урлагийн түүхэнд өөрийн нэрийг мөнхөлсөн нэгэн эрхэм бий. Тэр бол Их Монгол Улсын өрлөг жанжин Сүбээдэй билээ. Түүний мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Монгол цэргийн өрлөг жанжин Сүбээдэй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон энэхүү хуралд дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид цуглаж, Сүбээдэй жанжны амьдрал, үйл хэрэг, цэргийн урлагт оруулсан хувь нэмэр, дэлхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг хэлэлцлээ. Сүбээдэй жанжны түүхэн замнал, түүний суу ухаан юугаараа онцлог байсныг, найман зууны дараа ч түүний нэр дэлхийн цэргийн түүхэнд яагаад судлагдсаар байгааг эрдэмтэн судлаачид хэлэлцсэн юм.
Энгийн гаралтай нэгэн хөвүүн хэрхэн Их Монгол Улсын хамгийн нэртэй жанждын нэг болж, дэлхийн цэргийн түүхэнд өөрийн давтагдашгүй мөрийг хэрхэн үлдээж чадав?
Түүхэнд тэмдэглэснээр, Сүбээдэй 1175 онд Жарчиуд аймгийн урианхай овгийн Хабааны хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Хожим тэрээр Чингис хааны итгэлт жанждын нэг болж, Их Монгол Улсыг байгуулах үйл хэрэгт чин үнэнчээр зүтгэсэн аж. Түүний амьдралын замнал Их Монгол Улсын төрийн зохион байгуулалт, хүний авьяас чадварыг үнэлэх үзэлтэй салшгүй холбоотой. Тухайн үеийн Монголын төрд хүнийг зөвхөн гарал угсаагаар нь бус, эрдэм чадал, үнэнч зүтгэл, байгуулсан гавьяагаар нь үнэлж байсныг Сүбээдэйн амьдрал тод харуулдаг. Тэрээр Чингис хааны өрлөг жанждын нэг болж, цэрэг удирдах авьяас, алсыг харсан бодлого, нөхцөл байдлыг үнэлэх чадвараараа онцгойрон гарч иржээ. “Монголын нууц товчоо”-нд Чингис хаан итгэлт жанждаа дурсан өгүүлсэн хэсэг бий. Тэнд Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй нарыг зорьсон газартаа илгээхэд сэтгэл нь амардаг тухай өгүүлдэг. Энэ нь тэдэнд итгэж, чухал үүрэг даалгаж байсныг харуулсан түүхэн тэмдэглэл юм. Сүбээдэй жанжны онцлог зөвхөн дайчин зориг, хувийн эр зоригоор хязгаарлагдаагүй. Тэрээр өргөн уудам нутагт тархан хөдөлж буй цэргийн хүчийг нэгэн зорилгод чиглүүлж, олон үе шаттай ажиллагааг урьдчилан төлөвлөх чадвартай байлаа.
Сүбээдэй жанжны цэргийн замнал Чингис хааны үеэс эхэлж, Өгэдэй хааны үед улам өргөжжээ. Тэрээр 1204 оны Найман аймгийн эсрэг дайнд, 1211 онд Алтан улсын эсрэг хийсэн аян дайнд оролцсон тухай түүхэн материалд дурдсан байна. Мөн Мэргидийн үлдэгдлийг нэхэн дарах ажиллагаанд оролцож, 1219 оноос Хорезмын эсрэг хийсэн аян дайны үед Зэв жанжны хамт баруун зүгт холын зам туулан цэрэг удирджээ. Эдгээр ажиллагаа нь Монголын цэрэг зөвхөн хүчээр бус, тагнуул, мэдээлэл, маневр, гэнэтийн давшилт, олон чиглэлийн уялдаа холбоог нарийн тактик гарган ашиглан дайсныхаа хүчийг сулруулах аргыг эзэмшсэнийг харуулдаг.
Сүбээдэй жанжны нэрийг дэлхийн цэргийн түүхэнд онцгойлон авч үздэг шалтгааны нэг нь энэ юм. Тэрээр дайсны хүч хаана төвлөрч байгааг ажиглаж, түүний анхаарлыг өөр чиглэлд шилжүүлэх, цэргийн өөр өөр хэсгийг хол зайд хөдөлгөж, тохиромжтой цагт нэгтгэн шийдвэрлэх цохилт өгөх аргыг хэрэглэж байжээ. Дундад зууны үед өнөөгийнх шиг шуурхай холбоо, мэдээллийн технологи байгаагүй. Олон зуун бээрийн алсад хөдөлж буй цэргийн хүчний байрлал, нөхцөл байдлыг мэдэх, тэдгээрийг нэг цаг хугацаанд нэг зорилгод чиглүүлэх нь өөрөө асар том сорилт байсан нь дамжиггүй. Гэтэл Сүбээдэй жанжин ийм нөхцөлд олон чиглэлийн ажиллагааг уялдуулан төлөвлөж, өрсөлдөгч хүчнүүдийг тусгаарлан, өөрт ашигтай нөхцөл бүрдүүлэх чадвараараа тодорчээ. Түүний хувьд алс холын зай, байгалийн саад, цаг уурын хүндрэл нь зөвхөн даван туулах бэрхшээл биш байв. Харин тэдгээрийг урьдчилан тооцоолж, ажиллагааны төлөвлөгөөндөө ашиглах боломж гэж үздэг байсан нь түүний стратегийн сэтгэлгээний нэг онцлог байлаа.
Сүбээдэй жанжны нэртэй холбогддог түүхэн үйл явдлуудын дунд Калка голын тулалдаан, Европын Легниц болон Мохийн тулалдаан онцгой байр суурь эзэлдэг. Эдгээр тулалдааныг зөвхөн цэргийн хүчний мөргөлдөөн гэж харах нь хангалтгүй. Тэдгээрийн цаана тагнуулын мэдээлэл цуглуулах, дайсны хүчний байрлалыг судлах, цэргийн хөдөлгөөнийг зохицуулах, шийдвэрлэх мөчийг сонгох зэрэг олон хүчин зүйл нэгдэж байв. Сүбээдэйн удирдлагын арга барилын гол цөм нь хурд, маневр, гэнэтийн цохилт, хүч төвлөрүүлэлт, сахилга бат байжээ. Зарим тохиолдолд ухарч буй мэт харагдах хөдөлгөөнөөр өрсөлдөгчөө өөрт ашиггүй байрлалд оруулж, дараа нь хүчээ дахин төвлөрүүлэн цохилт өгөх боломж бүрдүүлдэг байв. Энэ бүхэн нь зөвхөн морьт цэргийн хурдтай холбоотой биш. Хурдыг мэдээлэлтэй, мэдээллийг зөв шийдвэртэй, шийдвэрийг нэгдсэн зохион байгуулалттай холбож чадсан нь түүний жанжны ур чадварын чухал хэсэг байлаа.

Сүүлийн 40 гаруй жил Сүбээдэй жанжины талаар судалгааны ажил хийж байгаа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Х. Шагдар ярихдаа:
Чингис хааны тухай бичихэд Сүбээдэй баатарыг онцлохгүйгээр бичнэ гэж байхгүй. Манай хоёр хөрш ч бичиж л байна. Солонгос, Африкийн эрдэмтэн судлаачид хүртэл бичиж байна. Ер нь Монголын Эзэнт гүрнийг хэн байгуулсан бэ гэвэл Сүбээдэй баатарын оролцоо асар өндөр. Тэрээр 60 гаруй тулалдаанд орж ялсан гэдэг нь дэлхийн түүхэнд байхгүй үнэн.
Өнөөдөр бид стратеги, төлөвлөлт, мэдээлэлд тулгуурласан шийдвэр гаргалт, эрсдэлийн удирдлагын талаар ярьдаг. Сүбээдэй жанжны үйл ажиллагааг судлахад эдгээр ойлголтын түүхэн жишээг олж харж болно. “Сүбээдэй судлал”-ыг хөгжүүлж, дотоод гадаадын эрдэмтэн, судлаачдын бүтээл, судалгааны ажлыг нэгтгэн төвлөрүүлэх, түүний нэр хүндийг дотоодод төдийгүй олон улсад гаргах зорилготой ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа гэдгийг Батлан хамгаалахын дэд сайд, доктор, хошууч генерал Д.Баасандамба “Монгол цэргийн өрлөг жанжин Сүбээдэй” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр онцолж байлаа. Одоо та бүхэнд Батлан хамгаалахын дэд сайд, доктор, хошууч генерал Д.Баасандамбын яриаг хүргэе.
Сүбээдэй баатрын 850 жилийн ойг энд тэмдэглэж байна. Өнөөдөр дэлхий ертөнц глобалжилт даяарчлал, мэдээллийн технологийн эрэн үед үндэсний бахархал гэдэг зүйл улам бүр бүдгэрч байна. Сүбээдэй жанжин бол их Монгол улсын үүсгэн байгуулагч Чингис хааны жанжин байхаас гадна түүний одоо залгамжлагчдын цэрэг улс төрийн мэргэн ухааны багш, түүний Ази, Европын хийсэн их бага тулаанд гаргасан ялалтын стратегийг өнөөдөр дэлхийн тэргүүлэгч орнууд цэргийн удирдлагын, улс төрийн стратегийн, бизнесийн стратегийн түвшиндөө судалдаг болчихсон. Гэтэл Монголд өнөөдөр Сүбээдэй судлалыг цөөн хэдэн төрийн бус байгууллагууд, хувь судлаачид л одоо авч яваа болохоос биш төрийн бодлогын түвшинд гаргаж Монголын жанжин, Монгол гэсэн энэ бахархлыг бий болгох холбоотой асуудлыг хойгуур тавьчихсан. Харин Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр өнөөдөр Монгол улсын Монгол үндэсний бахархал, түүх, өв соёл, Монголын тусгаар тогтнол, Монголын төлөө зүтгэсэн төр нийгмийн зүтгэлтнүүд, цэргийн зүтгэлтнүүд, алдар түүхэн хүмүүсээ Монголын бахархалт, үнэн зүйл, бахархах, эрхэмлэн дээдлэх, даган дуурайх ёстой, үлгэрлэл болгох зорилгоор Сүбээдэй жанжны асуудлыг олон улсын түвшинд хэлэлцэх олон улсын хурлыг зохион байгуулж байна.
Сүбээдэй жанжны цэргийн стратеги, дэлхийн цэрэг, улс төрийн түүхэнд оруулсан хувь нэмрийг өгүүлсэн ном, судалгааны бүтээлүүд олон улсад хэвлэгдэн гарч, судлаачдын анхаарлыг татсаар байна. Түүний тухай англи болон бусад хэлээр бичигдсэн бүтээлүүдэд Монголын эзэнт гүрний аян дайн, цэргийн зохион байгуулалт, стратегийн онцлогийг шинжлэн судалжээ. Эдгээр бүтээл нь Сүбээдэй жанжныг зөвхөн Монголын түүхийн төдийгүй дэлхийн цэргийн түүхэнд чухал байр суурь эзэлсэн жанжин болохыг олон улсын уншигчдад таниулж байна. "Их хөлгөн цадиг" сан Монголын хаад, нэрт жанждын тухай гадаадын зохиолчдын бүтээлүүдийг Монгол хэлнээ орчуулан уншигдын хүртээл болгохыг зорин ажилладаг. Чингис хааны итгэлт жанжин, цэргийн суут стратегич Сүбээдэйн амьдрал, цэргийн ажиллагаа, ялалт амжилтыг өгүүлэх “Чингис хааны аугаа жанжин Сүбээдэй” номыг зохиолч Ричард А. Габриэл 2004 онд англи хэлээр хэвлүүлсэн байдаг. Харин уг бүтээлийг "Их хөлгөн цадиг" сангийн тэргүүн М.Түмэннаст эх хэлнээ орчуулж монгол уншигчдын хүртээл болгосон юм.
"Их хөлгөн цадиг" сангийн тэргүүн М.Түмэннаст:
Сүбээдэй жанжин өөрөө бараг нэгэн жарнаас дутуугүй цэргийн алба хаасан болж таарч байгаа юм. Энэ бол хүний насны хувьд ч гэсэн маш их хугацаа. Сүбээдэй жанжныг Монгол цэргийн ерөнхий командлагч болж байх үед Чингис хааны гол түшиг тулгуур болж байсан их дөрвөн жанжид болон бусад нөлөө бүхий хүмүүс өндөр настай байсан. Иймд Сүбээдэй баатар ганцаараа Өгөөдэй хаан болон түүний дараах бүр Гүег хааны үед ч гэсэн Их Монгол улсын цэргийн үйл хэргийг үргэлжлүүлэн удирдаад явж байсан ийм гайхалтай түүхэн хүн юм. Энэ хүний урт удаан хугацааны амьдрал, гайхалтай түүхэн баялаг замнал нь дүйцүүлэх юм бол энэ хүний цэргийн замлын талаарх мэдээлэл харьцангуй бага, чамалттай мэт харагддаг. Үүнд хоёр үндсэн шалтгаан байна.
Нэгдүгээрт: Монголчууд Евразийг дамнасан агуу том Эзэнт гүрнийг байгуулж байх үедээ өөрсдийн хийж байсан аян дайн болон бусад түүхэн үйл явдлыг тэр бүр бүртгэж тэмдэглээд байдаггүй байжээ.
Хоёрдугаарт: 13, 14 дүгээр зууны үед монголчуудын байлдан дагуулалт болон түүний дараах засаглалын үеийг бичиж тэмдэглэж үлдээсэн тэр үеийн Хорезмын эзэнт гүрэн, Европ болон хойд, өмнөд Хятадыг дамжсан түүхч, судлаачдын бичиж үлдээсэн сурвалж бичгүүдээс маш бага хувь нь л бидэнд өнөөг хүртэл үлджээ. Ихэнх нь үрэгдсэн эсвэл хараахан нээгдээгүй байж магадгүй юм. Түүхэн материал мэдээллийн бараг 70-80 хувь нь гадаад хэл дээр байгаа тул орчин үеийн түүх судлаачид, монголын цэрэг дайны уламжлалыг сонирхсон залуучуудын хувьд хийж судалж бүтээх зүйл асар их үлдсэн байна. Гүнзгийрүүлэн судлахад хангалттай нөөц бололцоо байгааг хэлэх нь зүйтэй.

Сүбээдэй жанжны түүхэн гавьяаг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь түүний тухай ном, судалгааны бүтээл туурвихаар хязгаарлагдахгүй. Түүхэн их хүний дүр төрхийг сэргээн мөнхжүүлэх, ард түмнийхээ ой санамжид үлдээх нь чухал ач холбогдолтой. Энэ зорилгын хүрээнд Сүбээдэй жанжны эш хөргийг бүтээх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн хүмүүсийн нэг бол Төрт ёс, Хаадын сангийн тэргүүн, түүх судлаач профессор Д.Гүн-Үйлс юм.
Профессор Д.Гүн-Үйлс: Энэ дүр төрхийг бид хэдийгээр одоо зохиож байгаа боловч тодорхой хэмжээний судалгаатай. Жишээлбэл, Христофер Колумбын дүр төрх гэдэг чинь үүсмэл дүр төрх, зохиомол. Бидний хамгийн сайн мэдэх Есүс Христийн дүр ч гэсэн зохиомол дүр шүү дээ. Түүнд нь хүмүүс итгэдэг. Тиймээс Сүбээдэй баатрынхаа дүр төрхийг зөвхөн монголчууд бид гаргах ёстой. Бидний гаргасныг шинжлэх ухааны байгууллага, төрийн дээд түвшинд соёрхон батлаад, энэ хөргийг хойшид ард түмэн минь, болж өгвөл дэлхий нийтэд жишээлэн баримтлах нь зүйтэй санагдана. Сүбээдэй баатрын болон хаадын дүр төрхийг ингэж гаргаж ирснээр хойч үе маань Монголын түүхээрээ, уламжлалаараа, монгол хэлээрээ бахархах сэдлийг төрүүлэх зорилготой юм.
Өнгөрсөн түүхийн алсад Сүбээдэй жанжин морин туурайн тоос татуулан, өргөн уудам нутгийг туулж явсан бол өнөөдөр түүний нэр түүхийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл, олон улсын хэлэлцүүлгээр дамжин бидэнд хүрч байна. Монголын эрдэмтэд, олон улсын судлаачид харилцан мэдээлэл солилцож, эх сурвалжаа хуваалцан, түүхэн баримтыг олон талаас нь шинжилснээр түүний бодит дүр төрх, түүхэнд гүйцэтгэсэн үүрэг улам тодорхой болно. Энэ утгаараа олон улсын эрдэм шинжилгээний хурал нь нэгэн жанжны ойг тэмдэглэхээс илүү өргөн ач холбогдолтой юм. Түүний тухай түүхийг судлах бүрд нэгэн зүйл тодорно. Монголын түүх бол зөвхөн нэг үндэстний өнгөрсөн үеийн тухай өгүүлэмж биш. Энэ бол Евразийн ард түмнүүдийн түүхтэй холбогдсон, дэлхийн улс төр, цэргийн үйл явцад нөлөөлсөн өргөн хүрээний түүх юм.
Сүбээдэй жанжны амьдрал, үйл хэрэг нь хүний авьяас чадвар, үнэнч зүтгэл, зохион байгуулах ухаан, алсын хараа ямар их нөлөө үзүүлж болохыг харуулдаг. Түүний удирдсан ажиллагаа, цэргийн стратеги, түүхэнд үлдээсэн өвийг судлах нь өнгөрсөн үеийг танин мэдэхийн зэрэгцээ өнөөдөр бидний өмнө тулгарч буй сорилтод хэрхэн бодитой хандах талаар эргэцүүлэх боломж олгож байна. Гэхдээ түүхэн бахархал гэдэг зөвхөн өвөг дээдсийнхээ байгуулсан гавьяаг дурдах төдий зүйл биш. Тэдний амьдрал, үйл хэрэг, тухайн үеийн нөхцөл байдлыг үнэн зөв судалж, олж авсан мэдлэгээ хойч үедээ өвлүүлэн үлдээх нь ч мөн адил чухал юм. Сүбээдэй жанжны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ чиглэлд нэгэн чухал алхам боллоо. Цаашид түүний тухай шинэ баримт, шинэ судалгаа олноор нэмэгдэж, Монголын төдийгүй дэлхийн түүх судлалд оруулах хувь нэмэр улам тодрох нь дамжиггүй биз ээ.
Үзсэн: 146
Tweet