Хэл хуур нь дэлхийн 160 гаруй оронд тархсан хөгжмийн зэмсэг
Хэл хуур нь хэлний тусламжтайгаар авиа зүй үүсгэж хэлний долгионоор хөгжимддөг гайхалтай хөгжим юм. Хэл хуурын 4 төрөл байдаг бөгөөд өөр өөрийн гэсэн онцлогтой.

Хэл хуур нь хэлбэр хийц энгийн атлаа өвөрмөц тансаг аялгуугаараа хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж, дэлхийн 160 гаруй оронд тархсан хөгжмийн зэмсэг юм. Хэдэн мянганы түүхтэй атал анхны хэв шинжээ алдалгүй XXI зууны босго алхсан эл хөгжмийн зэмсэг ямар үндэстнээс үүсэлтэйг албан ёсоор тогтоогоогүй ч монголчууд зан үйлдээ хэрэглэсээр багаар бодоход хоёр мянганыг ардаа үдсэн тул яах аргагүй Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн нэгэнд тооцогддог. Хэдийгээр нэн эртний түүхтэй, дэлхийн олон оронд тархсан ч хэл хуурын үүсэл хөгжлийн талаарх таамаглал өнөө хэр нэг мөр шийдэгдээгүй байна. Тэр ч байтугай ямар үндэстнээс үүссэн болохыг ч баталсан баримт жишээ үгүй юм. Бөө мөргөлийн зан үйлтэй салшгүй холбоотой боловч бөөгийн шашны үүслийг ч түүхчид өнөө хэр тогтоогоогүйн дээр, хэл хуур шашны зан үйлээс үүдэлтэй эсэхийг ч тандан судалж амжаагүй байгаа билээ. Ямартай ч манай улсад Хүннүгийн үед буюу нарийвчлан тооцвол НТӨ/нийтийн тооллын өмнөх/ III-I зуунд монголчууд хэл хуур эдэлж хэрэглэж байсан гэдгийг гэрчлэх ясан хуур Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас олдсон байдаг. Уг хүннүгийн булшийг 1989 онд Унгар, ОХУ, Монгол Улсын эрдэмтдийн хамтарсан шинжилгээний анги малтан судалжээ. Хэрэв хэл хуурыг бөө мөргөлийн зан үйлээс өмнө үүссэн гэдгийг баталж чадвал энэ хөгжмийн зэмсэг 25 мянган жилээр ч тогтохгүй настай хэрэглэл болох юм. Учир нь АНУ-ын эрдэмтэд уугуул иргэд болох индианчуудыг тус тивд очихдоо бөө мөргөлийн шашинтай байсныг тогтоосон бөгөөд Ази тивээс Берингийн хоолойгоор дамжин ирсэн нүүдлийг 20-25 мянган жилийн өмнө болсон хэмээн тодорхойлсон байна. Одоогоор хэл хуурын үүсэл гарлын тухайд эрдэмтэд нэг л зүйл дээр санал нэгдсэн байдаг бөгөөд тэр нь төмөр хуур хүрэл зэвсгийн үеэс үүдэлтэй хэмээсэн таамаг юм. Харин хөгжим сонирхогчид хулсан хуур дэлхийн олон оронд тархсанаас үндэслэн хамгийн отгон хэл хуур хэмээн тодорхойлдог боловч хөгжим судлаачид энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг байна. Тэд ясан болон хулсан хуурыг хамгийн эртний хэлбэр хэмээн таамагладаг ажээ.
Хөөмийч, хэл хуурч Д.Хосбаяр: Дэлхий дээр 5 мянга гаруй угсаатан өөр өөрсдийгөө төлөөлөх өвөрмөц өв соёлтой. Тэрхүү өв соёлын нэг нь манай монголчуудын хэл хуур юм. Хэл хуур төдийгүй манай монголчуудын бусад биет бус өв болох хөөмий, тууль цуур зэрэг нь ахуй амьдралдаа хэрэглэгдэж байсан уламжлалт уриа дуудлага хөгжмийн зэмсгүүд шүү дээ. Хэл хуурын тухайд манай монгол тоглогч нарын нэг ялагдах онцлог нь илүү язгууртаа чиглэгдсэн язгуур зүйлдээ тулгуурлагдсан байдаг. Аргагүй л хэл хуур байгаль дээрээ нэг иймэрхүү дуу чимээ гаргадаг байх гэсэн бодол мэдрэмжийг төрүүлдэг. Хэл хуурыг монгол нутагт амьдардаг хүмүүс шашин зан үйлийн чиглэлээр ашиглаж байна. Уул усны тахилга чиглэлээр ашиглаж байна. Тийм учраас Монгол нутагт жигд тархсан байдаг. Ялангуяа манай говийнхон их сайхан тоглодог. Мэдээж говь гэхлээрээ үргэлжилсэн элсэн далай гэж харж болохгүй. Тэнд чинь Алтайн нуруу ч байна ан амьтан ч байгаа учраас энэ ахуй уламжлалаа дагаад илүү хөгжсөн байх. Сүүлийн үед залуу судлаач, сонирхогчдын оролцоотойгоор хэл хуур хөгжим өргөн дэлгэр хөгжиж байна.
Уян харимхайн хүчийг ашиглан бүтээсэн хөгжмийн зэмсгүүдийн нэг нь хэл хуур юм. Угтаа хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж, авиа гаргадаг хэсгийг хэл хэмээдэг бөгөөд үүнээс нь үндэслэн хэл хуур хэмээн нэрийдсэн байдаг. Харин хулсан, ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн материалын онцлог, тоглох арга барилаас нь хамаарч хэл хуурыг ангилан ялгасан нэршил юм.
“Монгол угсаатан” хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын соёлын элч Б.Нарандэлгэр: Хэл хуур хөгжим дэлхийн 160 гауй улсад тархсан төдийгүй, хэлбэр хийц, тоглох ур чадвараараа янз бүр байдаг. Хэл хуур бол хэлний тусламжтайгаар авиа зүй үүсгэж хэлний долгионоор хөгжимддөг гайхалтай хөгжим юм. Хэл хуур хөгжмийн үндсэндээ 4 төрөл байдаг бөгөөд өөр өөрийн гэсэн онцлогтой. Хэлбэр хийцээс гадна материалын хувьд ч гэсэн өөр, тоглох аргачлал нь хүртэл өөр байдаг. Тухайлбал, хэл хуур болон хулсан хуурыг татаж тоглодог. Харин нуман хуур болон тоглодог. Ясан хуурыг хулсан хууртай адил татаж тоглодог бөгөөд хэлбэр хийцийн хувьд адилхан гэх мэтчилэн хуур болгон өөрийн үүх түүхтэй. Нуман хуурын тухай тодруулан ярихад 13 дугаар зууны үед эр цэргүүд нум сумыг зэвсэг болгон ашиглахаас гадна өөрсдийгөө зоригжуулах хөгжмийн хэлбэр болгож ашиглаж байсан түүхтэй. Мөн цэргүүд нуман хуураараа хэмнэл гаргаж нэгэндээ дохио өгөх, сүр хүчийг үзүүлэх зэргээр ашиглаж байжээ. Одоогоор нуман хуур маш сайн хөгжиж байгаа улс бол Африкийн улс байна. Харин монголд Увс, Ховд аймагт тууль хайлахтай холбоотойгоор хөгжиж байна. Хулсан хуурын хувьд монгол язгуур ардын дуун татлагуудыг хулсан хуур дээр маш их оруулсан байдаг. Бид нартай холбогдож байгаа өвлөн уламжлагчдын ихэнх нь хулсан хуурыг ашигладаг. Хулсан хуур хөгжим бол хэл хуур хөгжмийн дараагийн түвшний хөгжлийн нэг хэлбэр гэж хэлж болно. Харин ясан хуур болохоороо их эмзэгхэн хүний чадвар их шаардсан хөгжим байдаг.
Хэл хуур нь өөрөө дуугардаг хөгжмийн зэмсэг биш. Хүн л түүнтэй харьцаж амьсгалахгүй бол дуу гаргах боломжгүй. Түүний нууц нь хүний амьсгал-хоолойн нэгдэлтэй нягт холбоотой байдаг төдийгүй хүн өөрөө хөгжмийн зохиогч болдгоороо онцлогтой. Хэл хуур хөгжим нь хүмүүсийг тайвшруулж, баярлуулж, уйтгар, гунигийг хөөж, эмчлэх чадалтай юм. Монголчуудын эртний түүхтэй уламжлалт ахуй соёл шингэсэн хэл хуур хөгжмөөр тоглож сурснаар, ялангуяа амьсгалын эрхтний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, сэтгэл зүйн хувьд тайвширдаг байна. Түүнчлэн чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, хүүхдийн сонсголыг сайжруулах, хэл зүгшрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлахад эерэг нөлөөтэй.
“Монгол угсаатан” хэл хуурчдын холбооны ерөнхийлөгч, Монгол улсын соёлын элч Б.Нарандэлгэр: Монголчууд хэл хуур хэмээх хөгжмийг өвөг дээдсээсээ байгальтайгаа харьцахуй буюу байгалиа аргадах мөн өөрийнхөө сэтгэл зүйгээ засах, сүнсэн биеийг байгальтай холбох гэх мэтээр ашиглаж байсан. Энэ уламжлал цаашаа явсаар байгаад хөгжлийн явцдаа илүү урлаг тал руугаа хөгжиж ирсэн байна. Хэл хуур бол маш их эрчим энергийг агуулсан гайхалтай хөгжим байдаг. Бид нар морин хуураа эгшиглүүлэхэд жавар үргэдэг гэж ярьдаг шиг хэл хуураа татахад бас жавар үрэхээс гадна уул, усны эзэд, байгаль, эх дэлхий маань хүртэл баясаж байдаг. Хэл хуур, хөөмий, битбокс зэрэг өгүүлэхүүн эрхтний урлагт суралцсанаар нэгдүгээрт хэл яриа сайжирдаг, хоёрдугаарт амьсгалаа зөв авах техникийг сурч авдаг. Хамгийн чухал зүйл нь сонсгол буюу хөгжмөө найруулах бяцхан зохиолч болох боломжтой байдаг. Яагаад гэхээр хэл хуур татахдаа эгшиг аялгуугаа бодож, төсөөлж, төсөөллийн ертөнцөөр хөглөж тоглодог учраас төсөөлөх чадвар маш өндөр хөгждөг. Мөн хэл хуурыг нүдээ аниад сонсоход маш сайн төвлөрдөг ийм гайхалтай хөгжим юм.
Хэл хуур хөгжим нь бөө мөргөлийн зан үйлтэй салшгүй холбоотой учраас бөө, удганууд хөгжмийн зэмсэг гэхээсээ илүүтэй онгодын хөлөг хэмээн эрхэмлэдэг байна. Орон зайг товчлох энэ шидтэй зэмсгийн ачаар бөө, удганы онгод залран ирдэг хэмээн үздэгээс ийнхүү эрхэмлэн дээдэлдэг ажээ. Бөө, удганууд өөрсдийн онгодын хөлгийг эзэмшихийн тулд “онгодын хөлөг амилуулах” гэх тусгай зан үйл үйлдсэний дараагаар эл зэмсгээ өөрийн болгож, бусдад дамжуулахгүйгээр хэрэглэдэг онцлогтой. Хэл хуур нь дэлхийн өнцөг булан бүрт тархахдаа өнгө төрх, хэлбэр хийцээ төдийлөн өөрчлөөгүй ч, вьетнам хэл хуур утсан татлагагүй байдаг онцлогтой ажээ. Энэ мэт жижиг өөрчлөлтөөс хамааран дуугаралтын хувьд ч харилцан адилгүй бөгөөд Якут болон Монголын хэл хуурыг хамгийн тод дуутай хэмээдэг байна. АНУ дахь хөгжмийн зэмсгийн дэлгүүрт хүрч амжсан хэл хуурын төрлүүдээс хамгийн ховор нь ясан хуур. Харин хамгийн үнэтэй нь нэг бүр нь 500 америк долларт хүрдэг якут хуур гэнэ. Якут буюу Саха урианхайчууд ихэвчлэн төмөр хуураар хөгжимддөг бөгөөд хуураа урлаж буй гангаа ч тусгайл технологиор боловсруулдаг тул ийм үнэд хүрдэг байна. Хэл хуурын хөг эгшиг, ур хийц нь тухайн улс үндэстнийхээ аж байдал, амьдралын хэв маягийг илтгэж байдгаараа онцлогтой. Энэ утгаараа монгол хэл хууранд нүүдэлчдийн урлахуйн ухаан, өв соёл шингэсэн байна.

Хүн өгүүлэхүйн эрхтнээ ашиглан хөг аялгуу, уриа дуудлага гаргаж байсны нэгэн илэрхийлэл бол исгэрэх, хөөмийлөх урлаг төдийгүй хэл хуур хөгжим юм. Хэл хуурыг эгшиглүүлэхэд амны хөндий тэр дундаа хэл, шүд гэсэн өгүүлэхийн эрхтэн маш чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.
Өвлөн уламжлагч, хэл хуурч Т.Ичинхорлоо: Хэл хуурыг анх сурахад хэлээ аман дотроо бүжиглүүлж хөдөлгөж сурах хэрэгтэй. Хэл бол энэ хөгжмийг тоглоход хамгийн чухал үүрэгтэй. Дараа нь сонсгол чухал байдаг. Дууныхаа ая, эгшиг авиаг амьсгалаараа гаргахын зэрэгцээ хэлнийхээ цавчилтаар аялгуулан тоглодог. Энэ тоглох техник нь бүх л төрлийн хэл хуур дээр адилхан байна. Хомис гэж нэрлэдэг энэ Орос хуур бол шүдэнд хүргэж хөгжимддөг учраас шүд доргиодог талтай. Харин Монгол уламжлалт хулсан хуурыг тоглоход жаахан техник шаардана. Гараа бугуйгаараа сайн савж өгөх хэрэгтэй. Тэгээд хэлээ хөдөлгөх гарын цохилт 2-ыг зэрэгцүүлээд дууны ая гаргаж хөгжимднө. Хэл хуур тоглосноор хүүхдийн хэлний булчин сайн хөгжиж үсэг сайн хэлдэг болно. Авиа сайн хэлдэг болно. Гадаад хэлээр ярихад хүртэл янз бүрийн дуудлагыг сайн хэлж чаддаг болно. Харин эрүүл мэндийн талаасаа хэл, хоолой, нүүрний булчин чангарч хоолой өвдөхгүй болдог.
Хятад сурвалжид хүннү нар уртын дуу дуулж, бүжиг бүжин, хөгжим тоглодог байсан талаар хэд хэдэн мэдээ тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Мөн тэдэнд цохивор хөгжмийн зэмсэг болох хүүрэг (хэнгэрэг), кунхоу хэмээн нэрлэсэн чавхдаст хөгжим, товшуур бийваа, цуур, лимбэ байсан талаар ч дурдсан нь бий. Харин одоогоор Хүннүгийн хөгжмийн зэмсэг дотроос ясаар хийсэн “хэл хуур” хэмээх олдвор л биетээр илэрч олдоод байна. Тодруулбал, 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших Морин толгойн дурсгалт газрын хүннүгийн булшнаас хэл хуур олджээ. Тухайн хэл хуур нь 12.5 см урт, 1.4 см өргөн, 2 мм зузаан ясаар хийсэн эд бөгөөд голд нь 9.7 см урт, угаар 5 мм, үзүүртээ 2 мм өргөн урт хэлтэй юм. Хуурын хэлний угт жижиг нүхтэй агаад түүний эсрэг талыг 2 хажуугаас хотойлгон зорж барихад эвтэй болгож зассан байна. Морин толгойн булшнаас олдсон хэл хуур өдгөө ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт хадгалагдаж байна. Үүнтэй ижил хэл хуур Тувагийн нутагт малтсан Хүннүгийн үеийн булшнаас олдсон нь өдгөө ОХУ-ын Эрмитаж музейд хадгалагдаж байгаа ажээ. Хүннүгийн хэл хууртай төстэй хэлбэрийн хөгжмийн зэмсгийг монголчууд хулс, төмөр зэрэг материалаар хийж тоглодог байсан түүхтэй. Ер нь хэл хууртай төстэй хөгжмийн зэмсэг дэлхийн олон оронд тархсан байдаг төдийгүй орчин үеийн хөгжмийн зэмсэг дотор баян, аккорд, төгөлдөр хуур зэрэг хөгжмийн зэмсгийн дуу гаргадаг хэсгүүд нь хэлбэрийн хувьд их төстэй юм.
Үзсэн: 148
Tweet