Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-10-2026
Монгол

Шинэ мэдээ

МОНГОЛ ОРНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ


Densmaa 2026-10-20 12:10

2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 568,989 гадаадын жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеэс 90,537 жуулчнаар буюу 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

     Монгол орны аялал жуулчлал нь 20 гаруй төрлийн үйл ажиллагаанаас бүрдэж, 40 гаруй салбартай холбогддог эдийн засагт голлох нөлөө үзүүлэгч томоохон салбар юм.

    Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэмэгдүүлэх, үндэсний ёс заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор олон төрлийн үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод хамтран “Улаанбаатарын өвлийн наадам”, “Улаанбаатар өвлийн явган алхалтын фестиваль”, “Мөсөн замын суудлын авто машины уралдаан”, “Монгол нүүдэлчин өвлийн фестиваль-үндэстэн угсаатан жагсаал”, “Бүргэдийн баяр”, “Наурызын баяр” зэрэг 10 гаруй арга хэмжээг жил бүр тогтмол зохион байгуулж, жуулчдын сонирхлыг татсаар байна.

      Ингээд та бүхэнд Монгол орныг зорин ирсэн жуулчдын талаарх сүүлийн мэдээллийг хүргэе. 2025 онд Монголд дэлхийн алдартай влогерууд, аялагчид болон олны танил одуудын цуваа тасраагүй. Өнгөрсөн онд аялал жуулчлал өмнөх жилүүдийнхээс 16 хувиар сэргэж нийт 854 мянга 235 жуулчин хүлээн авсан байна. Монголд зочилсон нийт жуулчдын 50 гаруй хувь нь БНХАУ болон ОХУ-ын жуулчид байсан бол БНСУ-аас ирсэн жуулчид 21 хувь, Япон жуулчид 4 хувийг тус тус эзэлжээ. Түүнчлэн 2025 онд аялал жуулчлал сэргэсэн 20 орны 15-рт Монгол Улс бичигдсэн байна.

       Харин 2026 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 568,989 гадаадын жуулчин хүлээн авч, өнгөрсөн оны мөн үеэс 90,537 жуулчнаар буюу 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Сонирхуулахад, Дэлхийн томоохон мэдээллийг агентлагуудын нэг CNN 2026 онд аялахыг зөвлөх газруудын жагсаалтаа зарласан бөгөөд үүнд Монголын Орхоны хөндийг багтаасан юм.

        Дашрамд дурдахад, Монголд 30 хоногийн хугацаатайгаар жуулчлах зорилгоор ирж буй Австри, Бельги, Итали, Испани, Дани, Швед, Швейцарь, Их Британи зэрэг 34 улсын иргэдийг 2026 оныг дуустал визний шаардлагаас чөлөөлөөд байгаа юм.

      Төр засгаас аялал жуулчлалыг бүс нутгаар хөгжүүлж, тухайн бүс нутагт олон улсын түвшинд нийцсэн аялал жуулчлалын парк, аялал жуулчлалын томоохон цогцолбор барьж байгуулах төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хэнтий аймгийг Их эзэн Чингис хааны өлгий нутаг, түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилт дэвшүүлж, тус аймгийн зургаан суманд 13-р зууны үеийн түүх, соёлын өвийг харуулсан томоохон цогцолборууд сүндэрлэж байна. Тухайлбал, Хэнтий айгийн Дадал суманд "Чингис хаан" цогцолборыг бүтээн байгуулж, дэд бүтэц, мэдээллийн төвийг өргөтгөж байна. Энэ нутаг нь Их эзэн Чингис хааны мэндэлсэн түүхт Ононы Дэлүүн болдог оршдог ариун голомт нутаг юм. Мөн Биндэр суманд төрт ёсны уламжлалыг харуулсан "Эзэнт гүрэн - Их хуралдай" цогцолборыг барьж байгуулжээ. Энэхүү нуаг дэвсгэр нь 1206 онд Тэмүүжинг Монголын нэгдсэн Их Улсын их хаанд өргөмжилж, есөн хөлт цагаан тугаа босгосон түүхэн үйл явдалтай холбогддог.

     Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болж байна. Тухайлбал, Хөвсгөл, Хэнтий аймгуудад хог хаягдлын ландфилл байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламж зэрэг байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг голлон байгуулжээ. Хөвсгөл аймагт гэхэд Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах зорилгоор Хатгал тосгон, Ханх суманд хөрсөнд нэвчилтгүй, байгаль орчинд ээлтэй хатуу хог хаягдлыг дарж булшлах байгууламж барьж ашиглалтад оруулжээ. Харин Увс, Ховд зэрэг баруун бүсийн аймгуудад уг төслийн хоёрдугаар шатны санхүүжилт, техник эдийн засгийн үндэслэлийг холбогдох газрууд  боловсруулж байгаа юм.

      Одоогийн байдлаар НҮБ-ын зарласан “Тогтвортой, тэсвэртэй аялал жуулчлалын олон улсын жил–2027”-г угтаж орон нутгийн брэнд хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ажлуудыг улсын хэмжээнд эрчимжүүлж байна. Монгол орны амьтан, ургамалд тулгуурласан тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр тур компаниуд Шувуу, хөхтөн амьтдыг ажиглах, гэрэл болон видео зураг авах аялал, загасчлах аялал, морин болон тэмээн аялал, бартаат аялал, уулын аялал, цэцэгт ургамалд тулгуурласан аялал, эрвээхэй, соно болон бусад нугаламгүй амьтдын чиглэлээр аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

       Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА, НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын Ази, Номхон далайн бүсийн алба, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Орон нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодит туршлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймагт зохион байгуулсан юм. Тус арга хэмжээ нь ЖАЙКА-ийн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд олон улсын тогтвортой аялал жуулчлалын зарчим, шалгуурыг орон нутгийн онцлог, хэрэгцээтэй уялдуулан бодит үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд чиглэжээ. Арга хэмжээний хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, ЖАЙКА болон зорилтот дөрвөн аймгийн төлөөлөл 2026 оны сүүлийн улирлаас үе шаттай хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гурван үндсэн чиглэлээр хэлэлцэн тодорхойлсон байна. Үүнд, олон улсын санаачилга, хөтөлбөр, шалгаруулалттай холбоотой цаашдын үйл ажиллагаа, Орон нутгийн аялал жуулчлалын брэнд хөгжүүлэлт, Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаа багтаж байгаа юм байна.

 

Үзсэн: 1379

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна