Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна
Монгол бол Германы улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан болон иргэний нийгмийн салбарт үнэ цэн, сонирхол нэгтэй ойрын түнш гэдгийг ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр онцолж байв
Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна. ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад төрийн айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр Герман болон Монгол Улсын хооронд улс төр, эдийн засаг зэрэг салбарт урт хугацааны, цогц хамтын ажиллагааг бэхжүүлэх стратегийн түншлэлийг байгуулсан. Хоёр улсын харилцааны тулгын чулуу нь соёл ба боловсролын салбар. Мөн хоёр улсын Төрийн тэргүүн Берлиний “Жеймс Саймон” галлерейд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээнэ. Үзэсгэлэнг 2027 оны 4-р сарын 18-ныг хүртэл дэлгэнэ. Монгол бол Германы улс төр, соёл, боловсрол, шинжлэх ухаан болон иргэний нийгмийн салбарт үнэ цэн, сонирхол нэгтэй ойрын түнш гэдгийг ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр онцолж байв.
Хоёр улсын ерөнхийлөгч хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт гарын үсэг зурав. Үүний дараа Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хэлсэн үгэндээ, “Монгол Улс Герман улсыг гуравдагч хөрш, дотны итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Европын орнуудаас нэн тэргүүнд Герман улстай байгуулсан стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтын нэг гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна” гэсэн юм. Түүнчлэн хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, батлан хамгаалах, банк санхүү, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг энэ айлчлалын үеэр байгуулж байгааг цохон тэмдэглэж байна. Мөн хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, иргэд хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын ерөнхий консулын газрын Франкфурт хотноо нээхээр болсныг албан ёсоор зарлалаа. Мөн Берлин хотноо зохион байгуулж байгаа Монгол-Германы бизнес форумд нийтдээ 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хамтран ажиллах хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг илтгэж байна гээд манай хоёр улсын хөгжлийн бодлогын хамтын ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж ирсэн Герман улсын Сэргээн босголтын зээлийн банкинд Монгол Улсын "Чингис хаан баялгийн сан" нэгдэлтэй тогтвортой хөгжил, ашигт малтмалын нөөц, аж үйлдвэр, технологи, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт зэрэг хариуцлагатай хөрөнгийн удирдлагын чиглэлээр тохиролцож байгааг энд хэлэхэд сайхан байна. Монгол-Германы банк хоорондын хамтын ажиллагааны баримт бичгийг байгуулж байгааг сайшааж байна гэсэн юм.
Дашрамд дурьдахад, одоогоос 100 жилийн өмнө манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа эхэлж байсан. Их зохиолч Д.Нацагдорж тэргүүтэй 30 гаруй залуу Герман улсад суралцаж байсан түүхтэй. Энэ жил хоёр орон боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг хамтдаа тэмдэглэж байна. Мөн Германы нэрт монгол судлаач Вальтер Хайссиг болон Их зохиолч Д.Нацагдорж нарыг алдаршуулсан дурсгалын самбар нээлээ.
Үзсэн: 869
Tweet