Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-04-2024
монгол

Шинэ мэдээ

"Элчин сайд ярьж байна"


Densmaa 2023-11-28 01:11

БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко: "Монгол-Польшийн өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна".

      Монгол-Польшийн харилцаа олон зуун жилийн түүхтэй ч сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам бүр эрчимжин хөгжиж байна. 2023 он Монгол-Польшийн харилцаанд онцлог үйл явдлаар дүүрэн байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар өнгөрөгч 4 дүгээр сард БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда-гийн хамт манай улсад төрийн айлчлал хийсэн нь 2013 онд Ерөнхийлөгч Бронислав Коморовски-ийн айлчлалаас хойш 10 жилийн дараа болсон гэдгээрээ онцлог байсан юм. Айлчлалын үеэр Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болон  олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцож, олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан.

Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцахаар БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Кшыштоф Бойког нэвтрүүлэгтээ урьсан юм.

Асуулт: Монгол Улс, БНПУ-тай диломат харилцаа тогтоогоод 70 гаруй жил болж байна. Энэ жилийн хувьд БНПУ-ын ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцаанд онцлон тэмдэглэх үйл явдал байлаа. Монгол-Польшийн өнөөгийн харилцаа ямар түвшинд байгаа тухай асуултаар ярилцлагаа эхэлье?  

Элчин сайд Бойко: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Польш бол Монгол Улсыг 1950 онд хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг. 1950 оноос хойш бид Монгол Улсад элчин сайдын яамаа нээж ажиллуулж байгаад 20 жилийн өмнө элчин сайдын яамаа хаасан. Элчин сайдын яамаа дахин нээх хүндтэй үйл явдал миний томилогдон ажиллах хугацаанд болж байгаад баяртай байна.  Энэ жилийн хувьд Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда Монгол Улсад төрийн айлчлал хийлээ. Мөн манай гадаад харилцааны яамнаас Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээх шийдвэр дахин гаргаж, "ICC Tower"-т Элчин сайдын яамаа нээж ажиллуулж эхлээд байна. Польш-Монголын өнөөгийн харилцаа хамтын ажиллагаа улс төр, соёл, эдийн засгийн гээд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна.

Асуулт: Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол-Польшийн бизнес форумыг зохион байгуулж хоёр талын бизнес эрхлэгчид,  компани, аж ахуйн нэгжүүд оролцсон. Хоёр орны бизнесийн харилцааг өргөжүүлэхэд ямар боломж бололцоо байна гэж та харж байна вэ?

Элчин сайд Бойко: Юуны өмнө энэ удаагийн форум нь хоёр дахь удаагийн бизнес форум байсан гэдгийг онцолмоор байна. Улаанбаатар хот дахь БНПУ-ын ЭСЯ-наас энэхүү форумыг санаачлан зохион байгуулсан. Уг форумд Польшийн 60 гаруй томоохон компанийн төлөөлөгчдийг урьж оролцуулсан. Харин Монголын талаас 250 гаруй компани оролцсон. Ялангуяа жижиг дунд бизнесийнхэн маш идэвхтэй оролцож Польшийн экспортын хамтын ажиллагааны талаар ярилцсан. Учир нь Монголын маш олон компани Польшоос хүнс, хувцас, машин тоног төхөөрөмж зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн импортлодог. Энэ удаагийн бизнес форумын өмнөхөн ерөнхийлөгч Анджей Дуда хамтын ажиллагааны хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурсан.Үүний дотор геологийн салбарт хамтран ажиллах гэрээнүүд багтсан нь ирээдүйд чухал ач холболдолтой гэж үзэж байна. Цаашид бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг одоо байгаа түвшнээс нь буулгахгүй, улам өргөжүүлэхийг хичээж байна. Өнгөрсөн жил манай хоёр орны худалдааны эргэлт 100 сая ам. долларт хүрсэн. Хоорондоо 10 мянган километрын зайтай оршдог  Польш, Монгол орнуудын хувьд энэ тоо бол бага тоо биш. Цаашид Улаанбаатар дахь БНПУ-ын ЭСЯ-ны зүгээс хоёр орны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд туслаж, дэмжиж ажиллах болно.

Асуулт: Хоёр орны харилцаа хамтын ажиллагааны тухай ярьж байгаа учраас хүмүүнлэгийн болон соёлын хамтын ажилаагааг бас дурдах нь зүйтэй гэж бодож байна. Боловсрол, соёлын салбарт хамтын хамтын ажиллагааны ямар ажлуудыг хийгээд байна вэ?

Элчин сайд Бойко: Хоёр жилийн өмнө буюу 2021 онд Монгол Улсын Консерватортай хамтран Шопены II уралдааныг зохион байгуулсан нь соёлын томоохон ажил байсан гэдгийг онцолмоор байна. Түүнчлэн улс төрийн шинжлэх ухааны хэд хэдэн бага хурлыг зохион байгууллаа. Мөн өнгөрсөн жил ХААИС-тай хамтран эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, Польшийн талаас 10 гаруй эрдэмтэн, профессор ирж энэхүү хуралд оролцсон. Мөн Польш-монголын найрамдлын өдрүүдийг зохион байгуулж байна. Найрамдлын өдрүүдийн нээлтийг бид саяхан Эрдэнэт хотод  хийсэн. Энэ үеэр Польшийн кино өдрүүдийг Эрдэнэт хотод зохион байгууллаа. Мөн Польшийн бизнес эрхлэгчдийн төлөөлөл Монголын бизнес эрхлэгчидтэй Эрдэнэт хотод уулзалт хийсэн. Энэхүү бизнес уулзалт маш үр дүнтэй болсон гэдгийг тэмдэглэмээр байна. Ташрамд дурдахад БНПУ-ын Өргөмжит консулын газар Эрдэнэт хотод байдаг. Улаанбаатар хотод бид СУИС-ийн РТДС-тай хамтран Польшийн кино өдрүүдийг зохион байгуулж байна. Мөн Польшийн зурагт хуудас болон Польшид төгссөн Монголын уран бүтээлчдийн зургийн үзэсгэлэн гаргах гэж байна. Польшийн үндэсний баярын өдрийг тэмдэглэх болно.  Ирэх оны эхээр бид олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. 2024 он гараад Польшийн хоёр кино найруулагч Монголд ирнэ.  Тэд Польшийн алдарт аялагч Фердинанд Оссендовскийн тухай кино хийхээр төлөвлөж байгаа юм. Фердинанд Оссендовский нь 1921 онд Монголд ирж одоогийн Улаанбаатар хот буюу тэр үеийн нийслэл “Өргөө”-д хагас жил орчим амьдарч байсан. Тэрээр Монголоор аялсныхаа дараа АНУ-д очиж Монголын тухай “Хүн, араатан, бурхад” гэдэг  номоо хэвлүүлсэн нь нэрд гарч, олны хүртээл болсон.  Улмаар 1920-30-аад оны хамгийн эрэлттэй номын тоонд багтсан. Мөн Польшийн кино найруулагчид маань палентологийн судалгааны тухай баримтад киноны төсөл дээр ажиллана. 1963-1971 онд Варшавын их сургуулийн профессор Зофиа Келан-Яворовскагийн удирдсан Польш-Монголын палеонтологийн хамтарсан экспедици Монголын говьд ажиллаж, олон тооны үлэг гүрвэлийн олдворыг олж илрүүлсэнг. Энэхүү баримтат кино олон улсад гарснаар Монгол орон ямар баялаг түүхтэй, сонирхолтой улс болохыг дэлхий дахин харна гэж итгэж байна. Түүнчлэн энэхүү кино нь Польш-Монголын соёл, шинжлэх ухааны харилцаа ямар гүнзгий хөгжиж ирснийг харуулна гэж бодож байна.

Асуулт: Монгол-Польшийн харилцааны тухай ярихад Польшийн Монгол судлалын тухай зайлшгүй өгүүлэх хэрэгтэй байх. Монголын Эзэнт гүрний үед Монгол нутагт ирж байсан Польшийн алдарт аялагч Бенедикт Полакаас эхлээд Польшийн олон Монгол судлаач байдгийг бид мэднэ. Өнөөдөр Польш дахь Монгол судлал хэрхэн хөгжиж байна вэ?   

Элчин сайд Бойко: Бенедикт Полак бол аялагч байсны зэрэгцээ лам хүн байсан. Тэрээр Ромын пап IV Иннотентийн Монголын Эзэнт гүрэнд илгээсэн элч Плано Карпини-г дагалдан 1246 онд Хархорум хотод ирсэн түүхтэй. Тэд Ромын папаас Монголын эзэн хаанд илгээсэн захидлыг хүргэж ирсэн байдаг. Монгол хэл зааж, судлаж эхэлсэн тухай ярихад 1920-30-аад он буюу одоогоос 90-ээд жилийн өмнөөс Варшавын их сургуульд монгол хэл анхлан зааж эхэлсэн. Монгол судлаачдын дундаас хамгийн алдартай хүн бол Польшийн профессор Котвич. Тэрээр Дэлхийн I дайнаас өмнө Монголд хэд хэдэн удаа ирж байсан. Улмаар тэрээр Монгол судлалын ангийг нээсэн байдаг. Дайны дараа Монгол судлаач нэлээд олон эрдэмтэн төрж гарсны дотор профессор Калужинскийг онцлон нэрлэх хэрэгтэй. Тэрээр Монголын түүхийн олон судалгааг хийсэн. Өнөөдөр Монгол судлалыг хамгийн идэвхтэй хөгжүүлж байгаа газар бол яах аргагүй Варшавын их сургууль юм. Тус сургуульд монгол хэлний тэнхим 1932 онд анх байгуулагдаж байсан. Варшавт хамгийн идэвхтэй монгол судлаачид ажиллаж байсан, одоо ч ажилласаар байна. Тэд Монголын түүхийн талаар олон ном зохиол хэвлүүлэн гаргасан.  Ер нь Польшид Монгол судлал нэлээд өргөн дэлгэрсэн гэж хэлж болно.

Асуулт: Монгол, Польшийн талаар ярихад бидэнд олон адил төсөөтэй зүйлс байдаг. Тухайлбал 1990-ээд онд манай хоёр улс ардчиллын замыг нэгэн адил сонгож, зах зээлийн нийгэмд шилжсэн. Ардчилсан засаглалыг бэхжүүлэхэд БНПУ-ын ЭСЯ-ны зүгээс хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр юу байна вэ?

Элчин сайд Бойко: Польш улс Европын орнуудын дундаа тэргүүлэгч байсан бол Монгол улсын хувьд Азидаа ардчилалыг хөгжүүлсэн эхний орны нэг яах аргагүй мөн. Та бүхний мэдэж байгаачлан 1980-аад онд Польшид анхны “эв санааны нэгдэл” буюу “солидарность” хөдөлгөөн өрнөж, улмаар 1989 онд тэрхүү хөдөлгөөн ялалт байгуулснаар анхны ардчилсан хөдөлгөөн өрнөсөн түүхтэй. Монголын хувьд яг нэг жилийн дараа буюу 1990 онд анхны ардчилсан сонгуулиа хийсэн байна. Маш сонирхолтой давхцал байгаа биз. Тэр үед Польшийн “эв санааны нэгдэл”-ийн төлөөлөгчид Монголд ирж, өөрсдийн туршлагаас хуваалцаж, ардчилсан сонгуульд хэрхэн оролцож, хэрхэн ялалт байгуулах талаар зөвлөгөө өгч ажилласан байдаг. Ирсэн нэг төлөөлөгч Монгол улсын Ерөнхийлөгчөөс хүндэт медаль хүртсэн.

4 дүгээр сард Польшийн Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн айлчлал болон түрүү жилийн 6 дугаар сард хийсэн Польшийн Гадаад хэргийн яамны сайдын айлчлалын үеэр хөндөгдсөн гол сэдэв бол хоёр улсын хамтын ажиллагаа болон ардчилсан уламжлал юм. Польш улсын хувьд өнөөгийн Монгол Улс нь маш өвөрмөц Зүүн Азийн ардчилсан орны нэг гэж бид үздэг болсон. Бид Монгол Улсын ардчилсан байр суурийг талархаж, хүндэлж явдаг.

Асуулт: Ярилцлагаа үргэлжлүүлэе, Та тодорхой урт удаан хугацааг Монгол улсад өнгөрүүлжээ, Таны хувьд таалагдсан Монгол ёс заншил, соёл нь юу байв?

Элчин сайд Бойко: Маш олон зүйлс байна. Жишээлбэл, миний санаж байгаагаар хоёр сарын өмнө Соёлын сайдын зохион байгуулсан нүүдэлчдийн долоо хоног арга хэмжээ, дипломатуудаас гадна, хотын иргэд болон гадны орон орны хүмүүс Монголын нүүдэлчин амьдрал, соёлтой танилцах завшаан тохиосон. Монгол гэрт орж үзэж мөн нүүдэлчин хүмүүстэй ярилцах боломжтой байсан нь үнэхээр гайхалтай cайхан байсан. Монголчууд маш сонирхолтой, өвөрмөц содон соёл уламжлалаараа бахархах хэрэгтэй юм шиг санагддаг. Миний бодлоор энэ жил Монгол улсад ирж байгаа маш олон жуулчид нутаг буцаад Монгол улсыг маш таатай, аялахад тохиромжтой газар гэж сайшаана гэдэгт итгэлтэй байна.

Асуулт: Та гадаад харилцаа болон дипломат салбарт 30-аас дээш жил ажилласан туршлагаасаа залуу үе дипломатч хүмүүст юу гэж зөвлөх вэ?

Элчин сайд Бойко: Хамгийн эхлээд тэвчээртэй байх хэрэгтэй, бас хүмүүсийг ойлгох хэрэгтэй. Тэр тусмаа залуу хүмүүсийг ойлгох нь чухал. Түүхийн дурсгалт газрууд хэдийгээр сонирхолтой, тэдгээрийг үзэх хэрэгтэй боловч хамгийн чухал нь нутгийн уугуул иргэдтэй уулзаж, тэдний сэтгэлзүйг мэдэрч, хэрхэн амьдарч байгааг ойлгох юм. Мэдээж томилогдож байгаа улсынхаа тухай их юм уншиж, судлаж ойлгох хэрэгтэй. Хэрвээ тухайн улсаа уншиж ойлгохгүй бол, ард иргэд гээд юуг нь ч мэдэхгүй.  

Асуулт: Таны туршлагаас харахад дипломатчаар ажиллахын давуу болон сул талууд юу вэ?

Элчин сайд Бойко: Дипломатч гэдэг нь өөрөө бүхэл бүтэн улсаа төлөөлдөг учраас маш нэр хүндтэй ажил юм.  Гэхдээ зарим үед гэрээсээ хэдэн мянган километрийн зайд ажиллана. Гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоглоход асуудалтай. Мэдээж маш сонирхолтой ажил, гэвч золиос шаардана. Хүүхэдтэй бол гэрээсээ хол, гадаадын сургуульд сургана. Тэр хүүхдийн хувьд тодорхой зүйлс бас алдагдана гэсэн үг.

Тиймээс ирээдүйд энэ ажлыг сонгохоор зорьж буй залуу үеийхэнд хандаж хэлэхэд, нэг талаараа маш сонирхолтой, нэр хүндтэй ажил. Нөгөө талаараа чадварлаг сайн дипломатч байхын тулд тухайн улсдаа гүн шингэх шаардлагатай байдаг тул гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцаа бүдэгрэх мэт золиос шаардагддаг.

Асуулт: Бидэнд цаг гаргаж ярилцлага өгсөн таньд баярлалаа.

Үзсэн: 448

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна