Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27-02-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Германы Ерөнхийлөгчид хамтарсан мэдээлэл хийлээ


Densmaa 2024-02-08 11:02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл хийв.

    Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй төрийн айлчлалын ач холбогдлыг талууд онцолж, хоёр орны харилцааны түвшинг ахиулан “Стратегийн түншлэл”-ийн тухай Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсныг зарлалаа.
Талууд харилцаа, хамтын ажиллагааны өнгөрсөн 50 жилийн ололт, амжилтыг улам бататгах, цаашид улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, улс орны хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Мөн олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөө хамтын хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв.

Талууд Засгийн газар хоорондын хэлэлцээр, эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрх зүй, шүүхийн чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин, археологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг онцлон тэмдэглэлээ.

ХБНГУ нь өнгөрсөн 30 жилийн хугацаанд 530 гаруй сая еврогийн дэмжлэг үзүүлсэн.

2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон нь тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд санал нэгдэв.Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж ирсэн бөгөөд үүнд ХБНГУ-ын дэмжлэг, туслалцаа их байсныг тэмдэглэв.

Олон улсын ээдрээтэй нөхцөл байдал, геополитикийн эгзэгтэй энэ үед  Монгол Улс ухаалаг бодлого явуулж байгаа учир санал бодлоо солилцож байх нь чухал гэдгийг Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр онцлов.

Ардчилсан, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйл нэгтэй хоёр улсын төр, засаг, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт болон сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа тэмдэглэв.
Мөн 3.5 сая хүн амтай улсад герман хэлээр ярьдаг 35 мянган хүн байдаг нь маш өндөр үзүүлэлт гэдгийг тэмдэглэж, мянга мянган монгол оюутан ХБНГУ-д суралцаж байгааг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Стратегийн түншлэлээ тууштай хөгжүүлж, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, уул уурхай, түлш, эрчим хүчний салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого болон ХБНГУ-ын даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх хүчин чармайлт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тогтвортой бодлогыг харилцан уялдуулж, хамтран ажиллахаа зарлалаа.
Талууд харилцаа, хамтын ажиллагааны дараагийн 50 жилийн хөгжлийг өөдрөгөөр харж байгаагаа онцлон тэмдэглэлээ.

Үзсэн: 1219

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна