Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд “Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д оролцлоо


Densmaa 2024-02-16 01:02

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Дубай хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалт”-д Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцлоо.

   Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал тус уулзалтад Монгол Улсын цахим шилжилтийн бодлого, зорилт, сайн туршлагаас хуваалцсан байна. Мөн энэ үеэр тэрээр АНЭУ-ын Хиймэл оюун ухаан, цахим эдийн засаг, зайны хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан Төрийн сайд Омар Султан Аль-Оламатай өнгөрсөн 11 дүгээр сард хоёр талын уулзалт хийж, хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллахаар тохирсны дагуу “Хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зуржээ. Сайд Н.Учрал Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн АНЭУ-д өнгөрсөн онд хийсэн айлчлалын үеэр байгуулсан “Засаглалын хөгжил, шинэчлэлийн туршлага солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын ХЭГ болон АНЭУ-ын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн дагуу хоёр орны Засгийн газар албан ёсоор хамтын ажиллагааг эхлүүлж байгааг зарлах ёслолын арга хэмжээнд оролцсон байна.

Дэлхийн Засгийн газруудын дээд түвшний уулзалтыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газар анх санаачлан 2013 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд хүн төрөлхтний өмнө тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэхэд инновац, дэвшилтэт технологийн шийдэл, боломжуудыг ашиглах, Засгийн газруудын хамтын ажиллагааг хангах, туршлага солилцох боломжуудыг нээх зорилготой механизм юм. Энэ удаагийн Дээд түвшний уулзалтад Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Р.Т.Эрдоан, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди зэрэг 20 гаруй улсын төр, засгийн тэргүүн, 300 гаруй сайд, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга К.Шваб, Дэлхийн банкны ерөнхийлөгч А.Банга, Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирал Кристалина Гиоргиева зэрэг 80 гаруй олон улсын байгууллагын тэргүүн, нобелийн шагналтан, эрдэмтэн судлаачид болон “OpenAI” компанийн үүсгэн байгуулагч Сэм Алтман, Гүүгл компанийн Ерөнхий захирал асан Эрик Шмидт зэрэг технологийн салбарын нөлөө бүхий бизнес эрхлэгчид бүхий 4000 гаруй төлөөлөгч оролцжээ.

Үзсэн: 1327

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна