Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцлоо


Densmaa 2024-02-19 11:02

Сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзалт хийлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2024 оны 2 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь удаагийн бага хуралд оролцлоо. Анхдугаар бага хурлыг 60 жилийн өмнө буюу 1963 онд зохион байгуулснаас хойш оролцогчдын тоо жилээс жилд өсөж, эдүгээ төр, засгийн тэргүүн, өндөр албан тушаалтан, цэрэг, батлан хамгаалах салбарын удирдлага, олон улсын байгууллагын тэргүүн, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, бизнесийн салбарын олон зуун төлөөлөгчийг урьж оролцуулан, олон улсын аюулгүй байдлын бодлогын талаар хэлэлцдэг дэлхийд тэргүүлэх чуулган болж өргөжсөн. Энэ удаагийн бага хурлын үеэр олон улсын засаглал, тогтолцоо, зэвсэгт мөргөлдөөн, олон улсын аюулгүй байдлыг хангах асуудал эмэгтэйчүүдийг гүйцэтгэх үүрэг, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хөгжил болон хиймэл оюун ухаан, худалдаа, олон улс болон бүс нутгийн сорилтуудыг даван туулах арга зам зэрэг асуудлаар оролцогчид ярилцаж, санал солилцлоо.

      Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен-тэй уулзлаа. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин тэлж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр хоёр улсын харилцааг “Стратегийн гуравдагч хөршийн түншлэл”-д хүргэн, бэхжүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотолсон байна. Талууд цаашид хоёр улсын хооронд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, энэ ондоо багтаан Монгол Улс, АНУ-ын хооронд шууд нислэг эхлүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажиллахаар тогтжээ. Америкийн тал өнгөрсөн хугацаанд Энх тайвны корпусын хүрээнд хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд англи хэл заах хөтөлбөр, түүний үйл ажиллагаанд идэвхтэй дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлсэн байна. Түүнчлэн талууд өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд мөн харилцан айлчлалын давтамжийг хадгалан ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотолжээ.

     Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 60 дахь бага хуралд оролцох үеэрээ Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Kоммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад хэргийн хорооны дарга, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр талууд энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр улсын харилцаа Иж бүрэн стратегийн түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиож байгааг онцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ялангуяа үүнийг нөхцөлдүүлэх дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаар тогтжээ. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлж ирсэн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд нь энэхүү хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг онцолж, энэ онд тохиож байгаа түүхэн ойгоор харилцан айлчлалын давтамжийг хадгалж ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Үзсэн: 986

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна