Бүгд найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзлаа
Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал Бүгд найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшыштоф Бойкотой уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Золжаргал манай улсын “гуравдагч хөрш”, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний нэгдмэл үнэт зүйлтэй Польш Улстай бүхий л салбарт үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг гэдгийг онцлов. Мөн 2023 онд Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайдын яам Улаанбаатар хотод албан ёсоор нээгдэж, үйл ажиллагаа идэвхтэй явуулж байгаад баяртай байна. Элчин сайдын яамны үйл ажиллагаа иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Цаашид Бүгд Найрамдах Польш Улстай кибер аюулгүй байдлыг хангах болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ил тод нээлттэй байх, орчин үеийн арга туршлагаас суралцах зэргээр хамтран ажиллах сонирхолтой байна гэв. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо.
Үзсэн: 5091
Tweet