Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй айлчлал
Монгол Улсын 74 мэргэжилтэн 2001-2024 онд тус төвд суралцаж, мэргэжил дээшлүүлжээ
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд Хүний нөөцийн хөгжил, байгалийн баялгийн тогтвортой ашиглалт болон нийгмийн өөрчлөлтийн төлөөх олон улсын төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. Энэ үеэр сайд Б.Батцэцэг тус төвийн Хөрсний нөхөн сэргээлтийн сургалтын хөтөлбөрийн захирал Шёфн Вильхельмсдоттир, Гүний дулааны сургалтын хөтөлбөрийн захирал Бьярни Рихтер, Жендерийн тэгш байдлын сургалтын хөтөлбөрийн захирал Ирма Эрлингсдоттир нартай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа жендерийн тэгш байдал, гүний дулааны хөтөлбөрүүдэд монгол мэргэжилтнүүдийг оролцуулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус төвд сургалцаж буй монгол оюутнуудтай уулзаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд тэдний үүрэг хариуцлага чухал гэдгийг онцлов. Тус төв нь 2020 оноос хойш ЮНЕСКО-ийн ивээл дор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд “Жендерийн тэгш байдлын судалгаа, сургалтын хөтөлбөр”, “Газрын гүний дулааны сургалтын хөтөлбөр”, “Газрын нөхөн сэргээлтийн сургалтын хөтөлбөр” чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Монгол Улсын 74 мэргэжилтэн 2001-2024 онд тус төвд суралцаж, мэргэжил дээшлүүлжээ.
Үзсэн: 2785
Tweet