Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Монгол Улсад хүрэлцэн ирлээ
айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийх Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Австри Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад анх удаа хийх тус айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, Монгол-Австрийн Хамтарсан тунхаглалыг байгуулна. Түүнчлэн айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн талаас соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтсан байна. Тухайлбал, Австрийн хөгжмийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецбергер Монголд айлчлан ирж, монгол уран бүтээлчидтай хамтран, “Сонгодог үдэш” тоглолтыг УДБЭТ-д толилуулах юм. Монгол Улс, Австри Улс 1963 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж иржээ. Дашрамд сонирхуулахад, Австри улсад 2600 гаруй Монгол иргэн оршин суудаг бөгөөд 2024 оны байдлаар 200 орчим Монгол оюутан суралцаж байгаа юм. Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд тус улсад 6 оюутан Леобен хотын Монтанагийн их сургуульд суралцаж байна. Энэ жил 81 настай Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 онд Австри Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 2022 онд улиран сонгогджээ.
Үзсэн: 4152
Tweet