Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04-12-2025
Монгол

Шинэ мэдээ

Австрийн Холбооны эдийн засгийн танхимаас Дугуй ширээний бизнес уулзалт зохион байгууллаа


Densmaa 2025-05-28 12:05

уулзалтад манай улсын 80 орчим, австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцов

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений манай улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхимаас Дугуй ширээний бизнес уулзалт зохион байгууллаа. Бизнес уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александр Ван дер Беллен нар нээж үг хэлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулж, тогтвортой, тууштай байж, итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш байх зарчим баримталж байгааг тэмдэглэв. Өндөр аж үйлдвэржсэн, Австрийн бизнес эрхлэгчдийн мэдлэг туршлага, дэвшилтэт техник технологи, инновац, хөрөнгө оруулалт стратегийн ач холбогдолтой 14 мега төслийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэгтэйг онцлов. Цаашид Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжийг ашиглаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриаллаа. Мөн аравдугаар сард Улаанбаатар хотноо болох Монгол-Европын холбооны Бизнес, хөрөнгө оруулалтын форумд оролцохыг урилаа. Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийн харилцаа, харилцан ойлголцол улам бэхжихийг хэллээ. Хөдөө аж ахуй,  аялал жуулчлал, дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт Австри Улс туршлага, ноу-хау, шалгарсан шийдлүүдээ хуваалцахад бэлэн байгааг тэмдэглэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн эрчтэй өсөлт Австрийн илүү олон аж ахуйн нэгжийн сонирхлыг татаж, гүн гүнзгий, тууштай түншлэлийн суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Дугуй ширээний бизнес уулзалтад манай улсын 80 орчим, австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцов. Манай улс Австрид гянтболдын хүдэр, баяжмал, савхин хувцас, ямааны самнасан ноолуур, түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг. Австриас техник, тоног төхөөрөмж, машин механизм, хими, эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, автоматжуулалтын тоног төхөөрөмж импортолдог юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улс хоорондын худалдааны эргэлт 2024 онд 39.54 сая ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс Монгол Улс 5.03 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, 34.51 сая ам.долларын бараа импортолсон байна. Хоёр улсын худалдааны эргэлт Монгол Улсын нийт гадаад худалдааны 0.23 хувь, Европын Холбооны улс орнуудтай хийж буй худалдааны 2.4 хувийг тус тус эзэлдэг.  

Үзсэн: 3080

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна