“БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа"
1994 онд “Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулснаар хоёр улсын харилцааг түүхийн шинэ үе шатанд авчирсан" хэмээн дурдлаа
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс “БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо. Тус хурлыг БНМАУ болон БНХАУ найрамдал, харилцан туслалцах гэрээ байгуулсны 65 жилийн ойд зориулан зохион байгуулснаараа онцлогтой. Эрдэм шинжилгээний хурлаар 1960 онд хоёр улсын найрамдал, харилцан туслалцах гэрээ байгуулах үйл явц, ач холбогдол, мөн тухайн үеийн олон улсын нөхцөл байдал 1950-1960-аад оны БНХАУ-ын гадаад бодлого болон өнөөгийн хоёр талын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, боловсрол, соёлын салбарын харилцааны тулгамдсан асуудлыг олон нийтэд танилцуулж, салбарын судлаачдын байр суурийг хэлэлцүүлэв. 1990-ээд оноос хойш харьцангуй богино хугацаанд харилцаа, хамтын ажиллагааны түвшинг шат ахиулан өсгөсөөр, цар хүрээгээ ч улам бүр өргөтгөсөөр ирсэн нь хоёр улс олон улсын харилцааны нийтлэг хэм хэмжээг баримтлан, харилцааны суурь зарчмыг сайн тогтоож чадсантай шууд холбоотой гэлээ. Тэрхүү бат суурь зарчмыг 1994 оны “Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд тусгажээ. Энэхүү гэрээ бол хүйтэн дайнаас хойших шинэ цаг үед хөрш хоёр улсын харилцааны суурь гэрээ мөн билээ. Энэхүү суурь гэрээ 1960 онд байгуулсан “БНМАУ, БНХАУ-ын хоорондын найрамдал, харилцан туслалцах тухай гэрээ”-г шинэ нөхцөлд нийцүүлэн шинэчилж, зарчмын заалтуудыг уламжлан авч суурь болгон байгуулсан. Хурлын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн, Элчин зөвлөх Жан Мүшин "1960 оны тавдугаар сарын 31-ний өдөр “БНХАУ, БНМАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ”-г байгуулсан нь хоёр улсын харилцааны түүхэн дэх чухал тэмдэглэлт үйл явдал төдийгүй хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны чухал бэлгэдэл болсон. 1994 онд “Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-г шинэчлэн байгуулснаар хоёр улсын харилцааг түүхийн шинэ үе шатанд авчирсан" хэмээн дурдлаа.
Үзсэн: 2172
Tweet