“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Х бага хурал

Бүс нутагт тулгарч буй аюулгүй байдлын олон талт, ээдрээтэй сорилтуудыг даван туулахад яриа хэлэлцээ чухлыг онцлов
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын Х бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Австрали, АНЭУ, АНУ, Британи, Оман, Исланд, Канад, Эстони, Франц зэрэг 40 гаруй улсын 230 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч оролцож байна. Монгол Улс Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх зорилтыг 1980-аад оноос дэвшүүлэн, 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилга гаргаж, 2014 оноос олон улсын бага хурал зохион байгуулж ирсэн юм. Өдгөө тус бага хурлын нэр хүнд өсөн нэмэгдэж, яриа хэлэлцээний цар хүрээ өргөжин тэлж, бүс нутгийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын сорилтуудыг, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүч, бүс нутаг хоорондын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцдэг, дэд бүс дамнасан нээлттэй механизм болон төлөвшиж байна. Хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлсэн үгэндээ бүс нутагт тулгарч буй аюулгүй байдлын олон талт, ээдрээтэй сорилтуудыг даван туулахад яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол нэн чухал болохыг онцлон тэмдэглээд бага хурлын төлөөлөгчдөд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо хуваалцахыг уриалав.
Үзсэн: 11104
Tweet