Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байна
Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Төв Азийн түүх, соёлын өлгий нутаг, байгалийн үзэсгэлэнт сайхан эх орондоо айлчлахыг урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Ерөнхийлөгч С.Жапаров болон Киргиз Улсын төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Киргиз Улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа илэрхийлсэн байна.
Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровын 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц өгснийг тэмдэглэж, төрийн тэргүүн нар богино хугацаанд харилцан айлчилж байгаа нь хоёр ард түмний найрамдал, нөхөрлөлийг улам бүр бататган бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.
Ерөнхийлөгч С.Жапаров, Монгол Улс нь бүс нутаг дахь тус улсын чухал түнш болохыг онцолж, цаашид дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Төрийн тэргүүн нар өмнө нь ярьж тохирсон зүйлс 90 орчим хувьтай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар “Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоох тухай Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. Ингэснээр Бүгд Найрамдах Киргиз Улс нь манай улстай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосон Төв Азийн хоёр дахь улс болж байна.
Төрийн айлчлалын хүрээнд харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх, хууль, эрх зүй, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа.
Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх хүрээнд хонь, ямаа, үхэр, адууны мах, махан болон дайвар бүтээгдэхүүн Киргизэд экспортлох, жимс, жимсгэнэ, загас, загасан бүтээгдэхүүн зэргийг Монголд нийлүүлэх, мал эмнэлгийн олон улсын гэрчилгээнүүдийг баталгаажууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурыг Киргизийн хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр болсон байна.
Талууд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотолжээ.
Монгол Улсын Төв Азийн улс орнуудтай, түүний дотор Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд тус төрийн айлчлал чухал ач холбогдолтой юм.
Үзсэн: 5851
Tweet