Гурван улсын төрийн тэргүүн нарын VII уулзалт Бээжин хотноо болов
Бүгд Найрамдах Хятад Ард Улс “Инновацын төв” байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, монгол болон оросын талууд идэвхтэй оролцохыг хүсэв
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын VII уулзалт Бээжин хотноо болов. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарт мэндчилгээ дэвшүүлж, энэ жил Дэлхийн II дайны гал зогсож, Аугаа Эх орны дайнд ялалт байгуулсаны 85 жилийн ой, Хятадын ард түмэн Японы эсрэг дайнд ялалт байгуулсны түүхт 80 жилийн ой тохиож буй цаг үед уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн монголын тал гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгдөг болохоо илэрхийлж, энэ хүрээнд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, гурван улсын ард иргэдэд үр шимийг нь хүртээх, улмаар бүс нутгийн хөгжил, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зохих хувь нэмрээ оруулахын төлөө байгааг илэрхийлэв. БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагаа чухал ололт амжилттай байгааг тэмдэглээд, тухайлбал, Төмөр замын төв коридорын шинэчлэл, гурван талын худалдаа, байгаль орчин хамгаалал, гааль, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг тэмдэглэлээ. Цаашид улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, одоогийн хамтын ажиллагааг улам ахиулахыг санал болгов. Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс “Инновацын төв” байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, монгол болон оросын талууд идэвхтэй оролцохыг хүсэв.
Үзсэн: 3367
Tweet