Улс төрийн анхдугаар Зөвлөлдөх уулзалт Йорданы нийслэл Амман хотноо болов
Монгол, Йорданы хоёр талын харилцааг хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх боломж, бололцоог эрэлхийлж, бизнес эрхлэгчдийн хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Йорданы Хашимитын Хаант Улсын Гадаад хэргийн яамд хоорондын улс төрийн анхдугаар Зөвлөлдөх уулзалт Йорданы нийслэл Амман хотноо болов. Зөвлөлдөх уулзалтаар талууд хоёр орны улс төр, нийгэм, эдийн засгийн талаар харилцан мэдээлэл хийж, цаашид Монгол, Йорданы хоёр талын харилцааг хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, соёл, боловсрол зэрэг салбарт өргөжүүлэх боломж, бололцоог эрэлхийлж, бизнес эрхлэгчдийн хооронд харилцаа тогтооход дэмжлэг үзүүлэхээр болов. Йорданы ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Дайфалла Али Аль-Файез зөвлөлдөх уулзалтад оролцож буй монголын талын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлуудаар санал солилцов. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд “Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Йордан Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны тухай Санамж бичиг”-ийг байгуулж, санамж бичигт Монгол Улсаас Йорданы Хашимитын Хаант Улсад хавсран суугаа Элчин сайд Э.Булган, Йорданы ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Дайфалла Али Аль-Файез нар гарын үсэг зурав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын Захирал А.Ананд, Йорданы ГХЯ-ны Азийн газрын Ерөнхий захирал, Мохамед Абу Ванди нар тэргүүлэн оролцов.
Үзсэн: 3573
Tweet