Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 102 жилийн ойг тэмдэглэлээ
Монгол-Туркийн худалдааны эргэлт сүүлийн 10 жилд дөрөв дахин өсөж, 2024 онд 130 сая ам.долларыг даваад байна.
Монгол улс, Бүгд Найрамдах Турк улстай 1969 оны зургаадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ. Улмаар Турк улс 1996 онд Улаанбаатар хотноо, Монгол Улс 1997 онд Анкара хотноо Элчин сайдын яамаа тус тус нээсэн.
Гэхдээ “Монгол-Турк хоёр орны харилцаа зөвхөн дипломат харилцаа тогтоосон 50 гаруй жилээр хязгаарлагдахгүй юм. Манай тооллын өмнөх III зуунд байгуулагдан хүчирхэгжсэн Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг аймгууд багтаж байжээ. Энэхүү түүхийн гэрч болсон 200 орчим түүх, соёлын олдвор, хөшөө дурсгал, хүн чулуу, бичээс болон булш Монголын тал нутагт бий. Монгол нутагт хөл тавьсан Турк хүн бүр өвөг дээдсийнхээ үлдээсэн энэхүү түүх дурсгалыг биеэр үзэхийг чухалчилдаг юм.
Энэ онд Бүгд Найрамдах Турк Улс тунхагласны 102 жилийн ой тохиож байна. Улаанбаатар хот дахь БНТУ-ын Элчин сайдын яамнаас 102 жилийн ойн баярын хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгууллаа. Ёслолын арга хэмжээнд Монгол улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон хоёр орны УИХ дахь парламентын найрамдлын бүлгийн дарга нар болох Ибрахим Уфук Каянак, С. Зулпхар нарын хүндэт зочид оролцлоо.

БНТУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Башак Гэнч Юксэл, арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ:
“Өнөөдөр бид бүхэн БНТУ-ыг үндэслэгч их жанжин Мустафа Кемал Ататүрк болон тусгаар тогтнолын төлөө тэмцсэн баатруудынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэлтэйгээр дурсаж байна. Турк, Монгол ард түмний харилцаа олон зуун жилийн тэртээгээс улбаатай. Турк улс нь Монгол улсын “гуравдагч хөрш” байхаас гадна туркууд монголчуудын “хамгийн эртний хөрш” төдийгүй “дотно анд нөхөр” юм. Энэхүү бат бөх харилцааны суурин дээр манай хоёр улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүхий л салбарт хурдацтай хөгжиж байна.
Энэ онд хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн түүхэн онцгой үйл явдал тохиосон. Монгол улсын ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх энэ оны нэгдүгээр сард Турк улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд айлчлалын хүрээнд стратегийн түншлэлийн тунхаглал зэрэг нийт 11 баримт бичигт гарын үсэг зурсан билээ.
Бүх түвшний харилцан айлчлалууд улам эрчимжиж, хоёр улсын хамтын ажиллагаа улам бэхжиж байгаад бид баяртай байна. Энэ хүрээнд, БНТУ-ын Эрүүл мэндийн сайд др. проф. Кэмал Мэмишоглу Монгол улсын Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нар есдүгээр сард Улаанбаатар хотноо уулзсан бол хоёр улсын эрүүл мэндийн яамд хоорондын хэлэлцээ аравдугаар сард Турк улсад болсон. Мөн энэ сарын эхээр БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Яшар Гүлэр Монгол улсад айлчилж, Монгол улсын батлан хамгаалахын сайд Д.Батлуттай уулзалт хийсэн. Энэ долоо хоногт БНТУ-ыг Үндэсний их хурал дахь Турк–Монголын парламентын найрамдлын бүлгийн эрхэм гишүүд Монгол улсад албан уулзалтуудаа хийж байна. Цаашид ч мөн адил өндөр дээд түвшний бусад айлчлалууд хэрэгжихээр төлөвлөгдөж байна.
Бид Монгол улстай эдийн засаг, худалдаа зэрэг бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлэхийн төлөө ажиллаж байна. Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн арван жилд дөрөв дахин өсч, өнгөрсөн онд 130 сая ам.долларыг давсан. Ойрын жилүүдэд энэхүү тоог хоёр улсын нөөц бололцоонд бүрэн нийцсэн түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Мөн боловсрол, соёл, түүх, археологийн салбарт монгол улстай үр өгөөжтэй, нягт хамтран ажиллаж байна. цаашид энэ хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Турк болон Монгол улсын найрамдал, хамтын ажиллагаа, эв санааны нэгдэл мандан бадрах болтугай” хэмээлээ.

Үзсэн: 1945
Tweet