АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Др.Као Ким Хорн-той уулзав
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого нь АСЕАН-ы хүртээмжтэй байдал, зөвшилцөлд тулгуурласан хамтын хөгжлийн төлөөх алсын хараатай нягт уялддаг
Монгол Улсаас АСЕАН-ы дэргэд суугаа Элчин сайд Д.Энхтайван АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Др.Као Ким Хорн-той уулзаж, АСЕАН-ы Салбарын яриа хэлэлцээний түнш болох Монгол Улсын Засгийн газрын албан ёсны хүсэлтийг гардууллаа. Элчин сайд Д.Энхтайван Монгол Улс АСЕАН-ыг бүс нутаг дахь энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийн хөшүүрэг хэмээн үздэг болохыг тэмдэглэж, Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого нь АСЕАН-ы хүртээмжтэй байдал, яриа хэлэлцээ, зөвшилцөлд тулгуурласан хамтын хөгжлийн төлөөх алсын хараатай нягт уялддаг болохыг онцлон тэмдэглэлээ. Энэ хүрээнд Монгол Улс АСЕАН болон түүний гишүүн улсуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол бөгөөд улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байдгийг дахин нотолж, Зүүн өмнөд Азийн Найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд Оролцогч талын хувиар Монгол Улс АСЕАН-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа түншлэлийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байдгийг танилцуулав. Үүнтэй холбогдуулан АСЕАН-ы “Бидний хамтын ирээдүй 2045” урт хугацааны төлөвлөгөө батлагдаж, тус хамтын нийгэмлэгийн гишүүнчлэл өргөжсөн энэ цаг дор АСЕАН-ы Салбарын яриа хэлэлцээний түнш болох Монгол Улсын Засгийн газрын албан ёсны хүсэлтийг илэрхийлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс ирүүлсэн захидлыг Ерөнхий нарийн бичгийн даргад гардуулан өглөө. Монгол Улс АСЕАН-ы Салбарын яриа хэлэлцээний түнш болсноор урт хугацаанд тус хамтын нийгэмлэгийн хөгжлийн гурван тулгуурт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгааг элчин сайд Д.Энхтайван онцлон тэмдэглэв.
Үзсэн: 3675
Tweet