БНИУ-ын ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар тус улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Хоёр улсын төрийн тэргүүн харилцааны түвшнийг “Стратегийн түншлэл”-д хүргэн Хамтарсан тунхаглал гаргав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхийлөгч Лорэнзо Фонтана бараалхлаа. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донгиутай уулзаж, манай улсын санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулсан “Бэлчээр нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн” нээлтэд оролцов. Боловсрол, шинжлэх ухаан соёл, спорт, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтран ажиллах тухай болон орон нутаг хоорондын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд Ром хотноо Итали-Монголын бизнес форумыг зохион байгуулж, Морин хуурын найрал уран бүтээлээ толилуулав. Ерөнхийлөгч Сэржо Маттарэлла ирэх онд манай улсад төрийн айлчлал хийхээ нотоллоо. Төрийн айлчлалын дүнд Бүгд Найрамдах Итали Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хоёр шатаар алгасан ахиулж “Стратегийн түншлэл”-д хүргэв.
Үзсэн: 213
Tweet