Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна
ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байж ирснийг онцлов
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрийн үеэр Улсын Их Хурлын дарга ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байж ирснийг онцлоод, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар албан ёсны анхны гадаад айлчлалаа ОХУ-д хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа тэмдэглээд, энэхүү айлчлал нь манай хоёр улсын болон ард түмний бат бөх найрамдалт харилцааг улам бэхжүүлэхээс гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа онцлон тэмдэглэв. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд соёрхон баталсныг дурдаж, тус хэлэлцээрийг харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын хувиар өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийн үр дүнд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэж буйг онцоллоо. Түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бизнес хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.
Үзсэн: 4255
Tweet