БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг хүлээн авч уулзав
Хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдунг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол, Хятадын Гадаад харилцааны дэд сайдын түвшний яриа хэлэлцээний ээлжит уулзалт амжилттай болсонд баяр хүргэж, уг механизм нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урагшлуулах, харилцан ойлголцол, итгэлцлийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, цаашид харилцааны идэвхтэй чиг хандлагаа хадгалж, төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон хоёр улсын ард иргэдэд бодит ашиг тусаа өгөх төсөл, хөтөлбөрүүдийг тууштай урагшлуулахын төлөө байгааг илэрхийлэв. Тэрбээр Монгол, Хятад хоёр улс бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх зарчмаар бүхий л салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх ёстойг тэмдэглэж, цаашид ч “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай дэмжихээ илэрхийлэв.
Үзсэн: 8299
Tweet