Катарын морин спортын холбоо, орчин үеийн пантетлоны холбооны Ерөнхийлөгч Бадр Аль-Дарвиштай уулзав
Ерөнхийлөгч Бадр Аль-Дарвиш “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд биечлэн оролцохоо нотлов
Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд П.Сэргэлэн Катарын морин спортын холбоо, орчин үеийн пантетлоны холбооны Ерөнхийлөгч Бадр Аль-Дарвиштай Доха хотноо уулзав. Элчин сайд П.Сэргэлэн энэ үеэр Монголын уламжлалт хурдан морины уралдаан, морин тойруулгын уралдаан, морин спортын төрлүүдийг танилцуулж, энэ чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтрах боломжуудын талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан тухай мэдээлж, НҮБ-ын тогтоолын хамтран зохион байгуулагчаар оролцсон Катар Улсын төлөөлөгчдийг долоодугаар сарын 11-13-нд болох Дэлхийн адууны фестивальд оролцохыг урив. Катар Улс морин спорт, морь үржүүлэг, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах чиглэлээр бүс нутагтаа тэргүүлэх байр суурь эзэлдгийг тэмдэглээд, Монгол Улстай морин спортын тамирчид солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан зохион байгуулах зэргээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн Ерөнхийлөгч Бадр Аль-Дарвиш “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд биечлэн оролцохоо нотлов.
Үзсэн: 1355
Tweet