Дэлхийн банкны Байгаль орчны газрын олон улсын захирал Валери Хики тэргүүтэй төлөөлөгчтэй уулзав
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад Дэлхийн банкнаас дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны Байгаль орчны газрын олон улсын захирал Валери Хики тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд Монгол Улсын тулгамдсан асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хууль эрх зүйн орчныг сайжруулах, эдийн засгийн суурьтай байгаль орчны хуулиудыг батлах, энэ салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөж, санал солилцон, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ энэ үеэр УИХ-ын хаврын ээлжит чуулганаас эхлэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Ойн тухай, Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Усны тухай, Байгалийн ургамлын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай зэрэг 12 хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг хэлэлцэхээр төлөвлөөд буйг дуулгаад, 2026 ондоо багтаан байгаль орчны салбарын 33 багц хуулийн давхардал, зөрчлийг арилгах, зорилготой ажиллана гэлээ. Мөн тэрбээр Улаанбаатар хотноо наймдугаар сарын 16-28-нд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсныг тэмдэглэв. Дэлхийн банкны Байгаль орчны газрын олон улсын захирал, хатагтай Валери Хики газар, ус, нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний нөөцүүдээ урт хугацаанд үр дүнтэй ашиглахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах, улмаар усны талаар Монгол Улс дэлхий дахинд зүй зохистой байр сууриа илэрхийлэхэд анхаарах нь зүйтэй гэв. Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад Дэлхийн банкнаас дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Үзсэн: 279
Tweet