Шинээр томилогдсон Элчин сайд нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа
Цаашид ДТГ-уудаар дамжуулан бизнесийн холбоо, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар санал нэгдэв
МҮХАҮТ, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар болон Монголын ноос, ноолуурын холбооны удирдлага, гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл шинээр томилогдсон Элчин сайд нартай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд танхим, мэргэжлийн холбоод болон дипломат төлөөлөгчийн газруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспорт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал санаачилгын талаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг тэлэхэд дипломат төлөөлөгчийн газруудын үүрэг, оролцоо чухлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр шинээр томилогдсон Элчин сайд нарт гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх бодит боломж, нөөцийн талаарх санал танилцууллаа. Уулзалтад Монгол Улсаас гадаадын 20 оронд суух шинээр томилогдсон Элчин сайд нар оролцож, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалт татах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Талууд цаашид ДТГ-уудаар дамжуулан бизнесийн холбоо, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллахаар санал нэгдэв.
Үзсэн: 3339
Tweet