Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23,24-10-2026
Монгол

Шинэ мэдээ

“Монголын ба Монголын дараах үеийн евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин”


Densmaa 2026-10-23 11:10

Герман, Итали, Унгар, Их Британи, Польш, Австри, Монгол Улс буюу нийт долоон улсын 15 эрдэмтэн эрдэмтэн судлаач 14 илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв

ХБНГУ-ын Берлин хотын Хумболтын Их сургууль дээр “Чингис хаан” үндэсний музейгээс “Монголын ба Монголын дараах үеийн евроази дахь соёлын солилцоо хийгээд байгаль орчин” сэдэвт Чингис хаан судлалын Олон Улсын эрдэм шинжилгээний III хурал зохион байгууллаа. Чингис хаан судлалын Олон Улсын Холбоо нь олон улсын Монголын эзэнт гүрэн хийгээд Чингис хаан судлалын эрдэмтэд, монгол судлалын нийгэмлэг, төвүүдийг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн төрийн бус, олон улсын эрдэм шинжилгээний байгууллага юм. XIII зуунаас хойших        Монгол болон  Монголын дараах үеийн Евроазийн соёлын олон талт, нарийн төвөгтэй байдлыг судлах, ялангуяа соёл ба байгаль орчны олон янзын орчинд ухагдахуун болон мэдлэгийн хэлбэрүүд хэрхэн түгэн дэлгэрч, эргэлтэд орж байсныг хурлаар хэлэлцүүлсэн байна. Хурлыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан,  "Монголын эзэнт гүрний үеэс улбаатай Евразийн соёл хоорондын харилцаа, мэдлэгийн солилцоо, соёлын олон талт нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна” хэмээв. "Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Чингис хаан судлалын олон улсын холбооны үйл ажиллагааг танилцуулга хийх үеэрээ Монголын эзэнт гүрний судлалын үе үеийн эрдэмтэн судлаачдын нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд, Чингис хаан болон түүний залгамжлагчид эзлэн түрэмгийлэгчид бус, харин соёл иргэншлийг байгуулагчид, соён гэгээрлийг түгээгчид, амар амгаланг тогтоогчид, хөгжил дэвшлийг түүчээлэгчид байсан гэдэг нь улам бүр тодорхой болсоор байна. Мөн Бонны Рейн Фридрих Вильгельмийн их сургуулийн багш Ян Бенманн "Хархорум: Эзэнт гүрний нийслэл хотыг хоосон тал газар дээр буй болгосон” үндсэн илтгэлийг хэлэлцүүлж, Герман, Итали, Унгар, Их Британи, Польш, Австри, Монгол Улс буюу нийт долоон улсын 15 эрдэмтэн эрдэмтэн судлаач 14 илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Илтгэлүүдэд Хархорум, Хар балгасын археологийн олдвор дахь соёл хоорондын харилцаа, Ил хаант улсын урлагийн өв, Чингис хааны сургаал, гэрэгэ пайз ба уран бичлэг, Монголын эзэнт гүрний морины тоноглол, Их Монгол Улсын аравтын тогтолцоо, Марко Пологийн аян замын тэмдэглэл, 1241 оны Унгарын их тал дахь монголчуудын ул мөрийн шинэ археологийн баримт зэрэг сэдвийг хамарч, хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Үзсэн: 286

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна