Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24,25-04-2026
Монгол

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө


Densmaa 2026-04-23 03:04

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө.

Ерөнхийлөгчийг Астана хотын Нурсултан Назарбаевын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн сайд Е.Кошербаев, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал нар үдэж мордууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхээр боллоо. Худалдаа, эдийн засаг, банк, санхүү, эрчим хүч, хот байгуулалт, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, эрдэс баялаг, хүмүүнлэг, хэвлэл мэдээлэл, орон нутаг зэрэг салбарт хамтрах 18 баримт бичигт гарын үсэг зурлаа.

Мөн “Монгол Улс болон Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх хамтарсан Замын зураглал гаргана. Харилцаа, хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.

6 дугаар сараас Казахстаны “Скат” авиакомпани Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлнэ. Түүнчлэн Баян-Өлгий-Өскемен чиглэлийн шууд нислэгийг сэргээж, Баян-Өлгийд Казахстаны Консулын газар байгуулахаар тохиролцлоо. Зам, тээврийн салбарт тулгарч буй саад, бэрхшээлийг арилгах, тээвэр, логистикийн дөт маршрут бий болгох хамтарсан Ажлын хэсэг байгуулж, мэдээллийн технологи, уул уурхай, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарт хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.

Монголоос ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн, Казахстанаас жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудайн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Айлчлалын үеэр Хархорум хот, Налайх болон Казахстаны Алатау, Талдык-орган хот хооронд ах, дүүгийн харилцаа тогтоолоо.

Монгол, казах судлалыг хөгжүүлэх, хоёр улсын хэл, соёл, орон судлалын багш, судлаачдыг бэлтгэх чиглэлээр улам идэвхтэй хамтарна. Монгол оюутан залуусыг Казахстаны тал их, дээд сургуульдаа суралцахыг бүрэн дэмжихийн зэрэгцээ Монгол Улсад Казахстаны их сургуулийн салбарыг нээх санал тавьжээ.

Түүх, соёлын хосгүй өвд хамаарах эх сурвалж, баримт дурсгалыг судлан, соёлын биет бус өвийн хамтарсан судалгаа хийж, “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль, Казахстаны “Нүүдэлчний соёлын наадам”-д төлөөлөгчдөө үргэлжлүүлэн оролцуулахаар ярилцлаа.

Бизнес форумын үеэр 20 гаруй сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, хэлцэл хийлээ.

Айлчлалын үеэр Үндэсний урлагийн их театр, Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон “Монголын сайхан орон” тоглолтоо өргөн барьж, “Монголын сайхан орон” гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэн гаргалаа.

8 дугаар сард болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хуралд Казахстаныг оролцохыг урилаа.

“Усны олон улсын байгууллага” байгуулах тухай Казахстаны санаачилгыг манай улс дэмжихээ илэрхийлсэн байна. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Казахстаны Ерөнхийлөгчийн санаачилга “Хоёр тэрбум мод” төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэхээр боллоо.

Ерөнхийлөгч Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцож, энэ чиглэлээр улсынхаа байр суурийг илэрхийллээ.

Төв Азийн орнуудын “С5+1” форматыг ашиглан Монгол Улсын оролцоог хангасан дээд, өндөр түвшний уулзалтыг хамтран зохион байгуулна.

Казахстан нь Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд бие биеэ харилцан дэмжинэ.

Төрийн тэргүүн нар хоёр жил хүрэхгүй хугацаанд харилцан айлчилсан нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл боллоо.

Үзсэн: 1322

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна