Европын Холбооны гишүүн орнуудын элчин сайд нарыг хүлээн авав
Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоотой хөгжүүлж буй хамтын ажиллагаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлов
Европын Холбооны гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарын уламжлалт уулзалт Улаанбаатар хотноо болж байна. Энэхүү уулзалт Монгол Улсын хөгжлийн бодлого, үйл ажиллагааг танилцуулах, Европын Холбоо, түүний гишүүн орнуудтай үр дүнтэй хамтран ажиллах, хэрэгжүүлэх төслийн талаар ярилцаж, чиглэлээ тодорхойлох зорилготой. УИХ-ын дарга С.Бямбацогт Элчин сайд нартай уулзах үеэрээ Монгол Улсын “гуравдагч хөрш” Европын Холбоотой хөгжүүлж буй хамтын ажиллагаа нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолж, парламент хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхэд УИХ-аас бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ. Элчин сайд нартай хийсэн уулзалтын үеэр Шадар сайд Т.Доржханд хөрөнгө оруулалтын салбар дахь бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинняам аж үйлдвэр, уул уурхайн салбар дахь бодлого үйл ажиллагаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Монгол Улсын авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, санаачилга зэргийг тус тус танилцуулан элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж, дэлгэрэнгүй яриа өрнүүллээ.
Үзсэн: 1078
Tweet