Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзав
Монгол Улс, ИБУИНХУ дипломат харилцаа тогтоосноос бүх салбарт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс хоёр орныг улам ойртуулж байгааг онцлов
Монгол Улс хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй, таатай орчин бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзах үеэрээ санал солилцлоо. Уулзалтын үеэр Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах, аж ахуйн нэгжүүдийн хөгжилд тулгуурласан эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжил, дэд бүтэц, хөрөнгө оруулагчдад нээлттэй, таатай орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцав. Монгол Улс, ИБУИНХУ дипломат харилцаа тогтоосноос хойш 63 жилийн хугацаанд бүх салбарт хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, ардчилал, хүний эрх, эрх чөлөө зэрэг нийтлэг үнэт зүйлс хоёр орныг улам ойртуулж байгааг Шадар сайд онцлов. Тэрбээр Монгол Улсын Европ дахь чухал түнш “гуравдагч хөрш” Их Британи Улстай хөгжүүлж буй улс төр, нийгэм, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд Элчин сайд Фиона Блайтын оруулсан хувь нэмэрт талархал илэрхийллээ. Мөн бүсчилсэн хөгжлийн бодлого, дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа ч танилцуулсан байна. Элчин сайд Фиона Блайт Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих, бизнесийн орчныг сайжруулах, олон улсын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй бодлого хэрэгжүүлэхэд манлайлж ажиллаж байгаад талархал илэрхийлжээ.
Үзсэн: 1073
Tweet