“Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал болно
Энэ удаагийн хуралд 30 орчим улс, олон улсын байгууллага, манай төрийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаач зэрэг дотоод, гадаадын нийт 250 орчим төлөөлөгч оролцно
Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурал Улаанбаатар хотод энэ 6 дугаар сарын 04-05-нд болох гэж байна. Энэ удаагийн хуралд 30 орчим улс, олон улсын байгууллага, манай төрийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаач зэрэг дотоод, гадаадын нийт 250 орчим төлөөлөгч оролцох юм. Тус бага хурлын хүрээнд таван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжийн талаар ярилцаж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, тогтвортой арга замыг эрэлхийлэн, аюулгүй байдлын шинэ сорилтууд, түүний дотор хиймэл оюун ухааны зүгээс тулгарч буй асуудлын талаар хэлэлцэх юм. Мөн Монгол Улс Төв Ази, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон хоёр бүс нутгийг холбох ногоон эрчим хүчний коридорын талаар ярилцаж, бодлогын асуудлуудаар зөвлөлдөх болно. Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцох уламжлалт тавцан болж хөгжсөн бөгөөд үүнд дэд бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Ойрх Дорнод, Хойд Америк, Европ тивийн улс орны төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод байна.
Үзсэн: 3918
Tweet