Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанцыг хүлээн авч уулзлаа
Хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдыг олон улсын стандартад нийцсэн сургалтад хамруулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгааг талууд тэмдэглэлээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны зүүн өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанцыг хүлээн авч уулзлаа. Сайд С.Амарсайхан Монгол Улсын мансууруулах бодисын хууль бус наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлэхэд чиглэн хууль сахиулах байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх, лаборатори, техник, тоног төхөөрөмжөөр хангах, мэргэжилтэн бэлтгэх зэрэг олон талт чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд тогтвортой дэмжлэг үзүүлж ирсэн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанд талархал илэрхийллээ. 2024 оноос эхлэн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын хууль сахиулах байгууллагын сургалтын академиудын үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус наймаа, авлигатай тэмцэх чиглэлийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчныг сайжруулах, хууль сахиулах байгууллагуудын алба хаагчдыг олон улсын стандартад нийцсэн сургалтад хамруулах чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байгааг талууд тэмдэглэлээ. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгч Дельфин Шанц Монгол Улс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж, хууль сахиулах байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд бодит ахиц гаргаж байгааг онцлов. Мөн тэрбээр цаашид хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон улсын стандартад нийцсэн техник, программ хангамж нэвтрүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Үзсэн: 3922
Tweet