Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу Итгэмжлэх захидлаа гардуулав
Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв
Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суух Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу тус комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжабана-тай уулзаж, Итгэмжлэх захидлаа гардуулав. Элчин сайд, Байнгын төлөөлөгч В.Оюу Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, цаашид тус комисстой хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэн өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв. Хатагтай Армида Салсиа Алисжабана Монгол Улс, НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэнд талархал илэрхийлж, Монгол Улсын Засгийн газартай бүх талаар хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн буйгаа нотлов. Тэрбээр тус комиссын төлөөлөгчдийн хамт Улаанбаатар хотноо болох Цөлжилттэй тэмцэх тухай СОР 17 дугаар бага хуралд оролцох гэж байгаа талаар мэдэгдэж, хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцов. Тус комиссын үйл ажиллагаа бүс нутгийн эдийн засаг, нийгмийн бодлогын олон талт асуудлаар яриа хэлэлцээ өрнүүлэх, гишүүн улсын дунд хамтын ажиллагааг дэмжих, мөн бодлогын зөвлөмж өгөх, дүн шинжилгээ, судалгаа хийхэд чиглэдэг.
Үзсэн: 928
Tweet