“Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө 2026-2030”-ыг боловсруулав
Манай улс биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, генетик нөөцийн үр өгөөжийг шударга, итгэлтэй хүртээх чиглэлээр олон улсын өмнө тодорхой үүрэг хүлээсэн
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал үргэлжилж байна. СОР17 хурлын “Амлалтаас бодит үйл ажиллагаанд: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх нь” арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газраас баталсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө 2026-2030”-ыг албан ёсоор танилцууллаа. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ "Монгол Улс Биологийн олон янз байдлын тухай конвенцод 1993 онд нэгдэн орж, биологийн олон янз байдлыг хамгаалах, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, генетик нөөцийн үр өгөөжийг шударга, итгэлтэй хүртээх чиглэлээр олон улсын өмнө тодорхой үүрэг хүлээсэн. Энэ хугацаанд үндэсний бодлого, төлөвлөлтөө үе шаттайгаар боловсронгуй болгож ирсэн бөгөөд өнөөдөр дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа бодит үр дүн болгон хэрэгжүүлэх шинэ шатанд ирээд байна" гэлээ. Куньмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээг Канад Улсын Монреаль хотноо 2022 онд болсон Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 15 дугаар бага хурлаар баталсан бөгөөд энэ хүрээ нь 2030 он хүртэлх дэлхийн зорилтуудыг тодорхойлсон түүхэн баримт бичиг болсон юм. Монгол Улс үндэсний бодлогын баримт бичгээ энэхүү хүрээтэй нийцүүлэн “Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө 2026-2030”-ыг боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор батлаад байна.
Үзсэн: 5017
Tweet