Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүрог хүлээн авч уулзлаа
Цаашид гадаад худалдааны тэнцвэрт байдлыг бий болгоход хамтын оролцоо, хүчин чармайлт чухал байгааг яриандаа онцоллоо
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Фүкүяма Тэцүрог хүлээн авч уулзав. Ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын “гуравдагч хөрш”, тусгай стратегийн дотно түнш Япон улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд үүнд Монгол Улсын Их Хурал өндөр ач холбогдол өгдөг болохыг Улсын Их Хурлын дарга тодотгов. Мөн тэрбээр, Монгол Улсын Парламентын гишүүд дунд Япон Улсад мэдлэг, боловсрол эзэмшсэн гишүүн олон байдгийг дурдаад тэдгээр гишүүд ёс зүйн хувьд ч манлайлал үзүүлдэгт сэтгэл хангалуун байдгаа илэрхийллээ. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Япон Улсын Засгийн газраас Хөгжлийн албан ёсны тусламжийн иений хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг хэрэгжүүлэхээр ажиллаж буйд ач холбогдол өгч буйгаа онцлов. Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, парламентын хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хууль тогтоох үйл ажиллагаанд хиймэл оюуны дэвшлийг ашиглах, дэлхий нийтийн асуудал болоод буй хуурамч мэдээ, мэдээлэлтэй тэмцэх эрх зүйн орчныг бий болгоход харилцан туршлага солилцох зэрэг өргөн сэдвийн хүрээнд санал солилцсон юм. Мөн Монгол Улсын Их Хурлаас гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх ашгийг нь хамгаалах асуудлыг бодлогын төвдөө авч үзэж, шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээд байгааг онцлон тэмдэглэв. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга, 2015 онд Япон Улстай байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг дурдаж, Монгол Улсын 5700 бараа бүтээгдэхүүн Япон Улсын зах зээлд татваргүй гарах нөхцөл бүрдсэн хэдий ч тодорхой саад бэрхшээлтэй тулгарч, Монгол Улсын экспорт 2015 оны түвшнээс буурсныг хөндөв. Тиймээс цаашид гадаад худалдааны тэнцвэрт байдлыг бий болгоход хамтын оролцоо, хүчин чармайлт чухал байгааг яриандаа онцоллоо.
Үзсэн: 4995
Tweet