Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Жохан Шаатхоныг хүлээн авч уулзлаа
Байгаль орчны бодлого, шийдвэр гаргах үйл явцад төрийн бус байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн оролцоог хангах нь чухал болохыг талууд тэмдэглэлээ
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Жохан Шаатхоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улс, Европын Холбоо тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо. Уулзалтын үеэр талууд байгаль орчны хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратегийг тодорхойлох, хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгоход Монгол Улсын холбогдох яам болон Германы Сэргээн босголт хөгжлийн банк хоорондын уялдаа холбоог сайжруулж, зөвлөлдөх механизмыг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутаг, ойн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэх үйл явцын явц, цаашдын төлөвлөгөөний талаар санал солилцов. Энэ хүрээнд байгаль орчны бодлого, шийдвэр гаргах үйл явцад төрийн бус байгууллага, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн оролцоог хангах нь чухал болохыг талууд тэмдэглэлээ.
Үзсэн: 1168
Tweet