Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 07-09-2026
Монгол

Шинэ мэдээ

Монгол-Японы харилцаа: Тусгай стратегийн түншлэлийн замд


Densmaa 2026-09-04 11:09

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.

       Монгол Улс, Япон Улс нь газар зүйн хувьд хол оршдог ч ардчилал, эрх чөлөө, хүний эрх, энх тайван зэрэг нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон түнш орнууд юм. Өнгөрсөн зууны сүүлийн хагаст дипломат харилцаа тогтоосон хоёр улс өнөөдөр улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаанаас эхлээд бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна. Ялангуяа Япон Улс Монголын ардчилсан өөрчлөлт, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн он жилүүдэд томоохон түнш, хөгжлийн дэмжигч орны нэг байсаар ирсэн юм. Өнөөдөр Монгол, Японы харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрч, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг эрэлхийлж байна.

    Монгол, Япон хоёр ард түмэн бие биеэ эрт үеэс мэддэг байсан тухай түүхийн сурвалжид тэмдэглэгддэг. Зарим судлаачийн тэмдэглэснээр хоёр орны харилцааны эх сурвалжийг XIII зууны үе, Юань гүрэн болон Хубилай хааны үеийн Азийн түүхэн үйл явцтай холбон авч үздэг. Гэвч газар зүйн алслагдмал байдал, улс төр, түүхэн нөхцөл байдлын улмаас Монгол, Японы орчин үеийн улс төр, дипломат харилцаа харьцангуй хожуу хөгжиж эхэлжээ.

Харин хоёр улс 1972 оны хоёрдугаар сарын 24-нд албан ёсоор дипломат харилцаа тогтоосон юм. Улмаар 1974 онд соёлын харилцааны тухай тохиролцоо байгуулж, парламентын төлөөлөгчдийн харилцан айлчлал эхэлснээр хоёр орны харилцаа илүү өргөн хүрээнд хөгжих суурь тавигдсан байна. 1990-ээд онд Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн өөрчлөлтийн үед Япон Улс манай улсын хөгжлийн томоохон түнш болжээ. Тухайн үед Япон Улс Монголыг дэмжих олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хөгжлийн тусламж, зээл, хөрөнгө оруулалт, техникийн хамтын ажиллагаагаар дамжуулан Монголын нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, соёл, байгаль орчин зэрэг олон салбарт Японы Засгийн газар болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн дэмжлэгтэй олон төсөл хэрэгжсэн байдаг. Дөрөвдүгээр цахилгаан станцын хэвийн ажиллагааг хангах, орон нутагт дизель цахилгаан станц суурилуулах, Замын-Үүдийн ачаа шилжүүлэн ачих байгууламжийг хөгжүүлэх, сургуулиудыг өргөтгөх, шинэчлэх зэрэг нь Монголын хөгжлийн шилжилтийн үеийн чухал төслүүдийн нэг хэсэг байлаа. Мөн соёлын салбарт Хархорин хотын туурийн судалгаа, музейн хадгалалтын технологи, урлагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмж, музейн хөгжлийн чиглэлээр хэрэгжсэн хамтын ажиллагаа хоёр ард түмний соёлын харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулжээ. 1990 онд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА Монголд анхны мэргэжилтнээ илгээж, улмаар төлөөлөгчийн газраа нээснээр хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа илүү тогтвортой, өргөн хүрээтэй болсон юм.

Харин өнөөдөр Монгол, Японы харилцаа зөвхөн хөгжлийн тусламжийн хүрээнд бус, харилцан ашигтай эдийн засгийн түншлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, инновацын хамтын ажиллагааны шинэ шатанд шилжиж байна. 2015 онд хоёр улс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар Монголын олон мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд татварын хөнгөлөлттэй, зарим тохиолдолд татваргүйгээр гаргах эрх зүйн боломж бүрдсэн. Гэсэн ч энэхүү боломжийг бодит экспорт, худалдааны өсөлт болгон ашиглахын тулд хоёр тал цаашид илүү нягт хамтран ажиллах шаардлага байгааг сүүлийн үеийн уулзалтуудын үеэр онцолжээ. Хоёр улсын эдийн засгийн харилцаанд дэд бүтэц, агаарын тээвэр, эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, цахим засаглал, чухал ашигт малтмал, гарааны бизнес зэрэг шинэ салбарууд чухал байр суурь эзлэх болж байна.

     Энэ хүрээнд Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Тус айлчлал нь хоёр улсын Тусгай стратегийн түншлэлийг бодит төслүүд, шинэ санаачилгуудаар баяжуулах чухал үйл явдал боллоо гэж хоёр тал дүгнэж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицүг хүлээн авч уулзсан юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцолжээ. Мөн Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлаа бэхжүүлэхэд Япон Улсын үе үеийн Засгийн газар, ард түмний оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлсэн байна. Цаашид хоёр тал дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, чухал ашигт малтмал, гарааны бизнес, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ярилцжээ.

Мөн хоёр улсын хамтын ажиллагааны бэлгэ тэмдгийн нэг болсон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх асуудал энэ удаагийн уулзалтуудын чухал сэдвийн нэг байлаа. Япон Улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлаар талууд зарчмын тохиролцоонд хүрснийг онцолж байна. Өнөөдөр Монгол Улсад олон улсын зорчигч, аялал жуулчлалын урсгал нэмэгдэж, агаарын тээвэр өргөжин хөгжихийн хэрээр тус нисэх буудлын хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэх шаардлага гарчээ. Нисэх буудлын өргөтгөлд зориулан нийт 65 тэрбум иений хөнгөлөлттэй зээлийн асуудлыг талууд ярилцаж, өргөтгөлийн хүрээнд нисэх зурвас барих, ажилтнуудыг сургах, цаашдын менежментийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна. Энэ нь зөвхөн нэг дэд бүтцийн төсөл бус, Монгол Улсын агаарын тээвэр, аялал жуулчлал, гадаад харилцаа, эдийн засгийн нээлттэй байдлыг дэмжих ач холбогдолтой юм.

    Энэ удаагийн айлчлалын үр дүн, хоёр талын тохиролцсон хамтын ажиллагааны талаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ийнхүү онцоллоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: Ирэх 2027 онд Монгол-Япон улсын хоорон дипломат харилцаа тогтоосон түүхэн ойг тохиолдуулан хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах талаар манай дэвшүүлсэн саналд Мотэги сайд өндөр ач холбогдол өгч, хамтран ажиллахаар тохиролцсондоо баяртай байна. Талууд Монгол-Япон улсуудын хооронд давхар татварын хэлэлцээ байгуулах нь эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдэг дээр санал нэгдэж, энэ чиглэлийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ахиц гаргахаар тохиролцлоо.

Япон Улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү айлчлалын үр дүнгийн талаар хэлэхдээ: “Чингис хаан олон улсын нисэх буудлын Япон улсын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөх талаар  хоёр улсын засгийн газар зарчмын тохиролцоонд хүрсэн. Мөн хоёр улсын эпийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь нэн чухал асуудал юм. Ирэх 11 дүгээр сард болох Япон-Монголын Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалтаар эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар хэлэлцэнэ” гэлээ.

    Ийнхүү энэ удаагийн айлчлал Монгол, Японы Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд улс төрийн харилцааг бэхжүүлэхээс гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, дэд бүтцийн томоохон төслүүдийг урагшлуулах, шинэ технологи, эрчим хүч, хиймэл оюун, залуучуудын боловсролын чиглэлд хамтын ажиллагааны боломжийг нээсэн гэж дүгнэж болохоор байна.

     Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад айлчлах хугацаандаа Улсын Их Хурлын даргатай уулзаж, парламент хоорондын харилцааны талаар мөн санал солилцсон юм. Талууд хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламент хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэж, харилцан айлчлал, парламентын найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг тогтмолжуулах талаар санал нэгдсэн байна. Уулзалтын үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг бодитоор нэмэгдүүлэх асуудлыг хөнджээ. Монгол Улсаас Японы зах зээлд 5700 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаргах эрх зүйн боломж бүрдсэн хэдий ч худалдааны бодит тэнцвэр, экспортын хэмжээг нэмэгдүүлэх асуудал цаашид анхаарал татсаар байна. Тиймээс хоёр талын худалдааг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн тарифын хөнгөлөлт бус, бүтээгдэхүүний стандарт, ложистик, зах зээлийн мэдээлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлага тулгарч байна. Мөн иргэд хоорондын харилцаа Монгол, Японы түншлэлийн хамгийн чухал үндэс суурийн нэг юм. Өнөөдөр Япон Улсад 21 мянга орчим монгол иргэн сурч, ажиллаж, амьдарч байна. Эдгээр иргэд хоёр орны соёл, хэл, боловсрол, бизнесийн харилцааг холбосон амьд гүүр болж байна. Иймээс Монгол Улсын иргэдийн Япон Улсад зорчих нөхцөл, богино хугацааны визийн асуудал ч хоёр талын уулзалтын үеэр хөндөгджээ. Энэ бол хоёр орны харилцаа төр засгийн түвшний уулзалтаар хязгаарлагдахгүй, иргэдийн өдөр тутмын амьдрал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, аялал жуулчлалтай улам бүр нягт холбогдож байгаагийн илэрхийлэл юм.

     Монгол Улс, Япон Улсын харилцааны өнөөдрийн онцлог нь хөгжлийн тусламж хүлээн авагч ба хандивлагчийн уламжлалт харилцаанаас харилцан ашигтай, олон салбарыг хамарсан стратегийн түншлэл рүү шилжиж байгаа явдал юм. Өнөөдөр хоёр улс хиймэл оюун, мэдээллийн технологи, цахим шилжилт, гарааны бизнес, сэргээгдэх эрчим хүч зэрэг ирээдүйн хөгжлийг тодорхойлох салбарт хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна. Монголын залуу үеийн боловсрол, хүний нөөцийн хөгжил ч энэ хамтын ажиллагааны чухал хэсэг юм. Ялангуяа технологи, инновацын салбарт Монголын залуусыг сургах, ур чадварыг нь хөгжүүлэх, хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг энэ удаагийн айлчлалын үеэр онцолжээ. Нөгөө талаас бүс нутгийн болон дэлхийн нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед Монгол, Япон хоёр улс энх тайван, тогтвортой байдал, олон улсын эрх зүй, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлсийн хүрээнд хамтран ажиллах боломжтой.

       Япон Улс Монголын хувьд “гуравдагч хөрш”-ийн бодлогын чухал түнш бол Монгол Улс Японы хувьд Зүүн хойд Азийн бүс нутаг дахь ардчилсан үнэт зүйлсийг хуваалцдаг, найрсаг түнш юм. Энэ утгаараа хоёр улсын харилцаа зөвхөн хоёр талын ашиг сонирхлоор хязгаарлагдахгүй, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын асуудалтай ч холбогдож байна. Мөн Монгол Улс дэлхийн байгаль орчны асуудалд идэвхтэй оролцож, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, ойжуулалт, тогтвортой хөгжлийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсад болсон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Японы тал оролцож, байгаль орчин, тогтвортой хөгжлийн чиглэлээрх хамтын ажиллагааны ач холбогдлыг дахин нотолсон юм. Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Японы талын оролцоо, хамтын ажиллагааг мөн онцолж байлаа. Ингээд харвал Монгол, Японы харилцааны шинэ үе шат нь зөвхөн уламжлалт салбарууд төдийгүй дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудлаар хамтран ажиллах өргөн боломжийг нээж байна.

      Монгол, Японы дипломат харилцаа тогтоосноос хойш хагас зуун гаруй жил өнгөрчээ. Энэ хугацаанд хоёр орны харилцаа найрамдалт харилцаанаас иж бүрэн түншлэлд, улмаар стратегийн түншлэлд хүрч, өнөөдөр “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хөгжиж байна. Энэ түүх бол зөвхөн төр засгийн гэрээ, хэлэлцээрийн түүх биш юм. Энэ бол Монголын хөгжлийн шилжилтийн он жилүүдэд тусалж дэмжсэн түншийн тухай түүх. Энэ бол Монголын олон мянган залуус Японд суралцаж, ажиллаж, туршлага хуримтлуулсан түүх. Энэ бол хоёр ард түмний соёл, боловсрол, технологи, бизнесийн харилцаагаар улам ойртон холбогдсон түүх юм.

Япон Улсын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн Монгол дахь айлчлал хоёр орны харилцааны өнгөрсөн замналыг дүгнэхийн зэрэгцээ ирээдүйн хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тодорхойлох боломж болсон гэж хэлж болно. Агаарын тээвэр, дэд бүтэц, худалдаа, эрчим хүч, мэдээллийн технологи, хиймэл оюун, боловсрол, байгаль орчин. Эдгээр нь Монгол, Японы харилцааны дараагийн үе шатыг тодорхойлох гол салбаруудын нэг болж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хагас зуун жилд бий болсон итгэлцэл, найрамдлын суурин дээр хоёр улс ирэх арван жилүүдийн хөгжлийн түншлэлээ бүтээхээр зорьж байна.

Хоёр ард түмний харилцааг илүү ойртуулах шинэ нислэгүүд, сургалтын шинэ боломж, шинэ технологи, шинэ бизнесийн түншлэл, шинэ соёлын солилцоо ирээдүйн Монгол–Японы харилцааны бодит агуулга байх биз ээ.

Үзсэн: 4239

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна