Дэлхийн ур чадварын тэмцээн “Шанхай-2026”-д амжилттай оролцов
Монгол Улсаас 12 залуу мэргэжилтэн оролцсоноос Өмнөговь аймгийн гурван суралцагч мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлджээ
Дэлхийн ур чадварын тэмцээн “Шанхай-2026” БНХАУ-ын Шанхай хотод болж, Монгол Улсаас 12 залуу мэргэжилтэн оролцсоноос Өмнөговь аймгийн гурван суралцагч мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлджээ. Тэдгээрээс гагнуурын төрөлд Г.Номин 688, тоон удирдлагат токарийн машины төрөлд С.Эрхэмбилэг 684, хэвлэлийн график дизайны төрөлд Ц.Индра 680 оноо авчээ. Гагнуурын төрөлд өрсөлдсөн Г.Номин “Үндэсний шилдэг”-ээр тодорсон. Тэрээр ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн суралцагч юм. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 80 гаруй орны 2000 гаруй хүн оролцож, 64 мэргэжлийн төрлөөр 1400 орчим оролцогч ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Мөн 50 гаруй орны сайд, холбогдох байгууллагын төлөөлөл оролцов. “Дэлхийн ур чадвар-Шанхай 2026” тэмцээн оролцогч, зочдод шинэ технологийн хөгжилтэй танилцахаас гадна “Мэргэжлээ туршиж үзэх” хэсгээр дамжуулан төрөл бүрийн ур чадварыг өөрийн биеэр турших боломж олгосон байна. Өмнөговь аймгийн гурван суралцагч ийнхүү дэлхийн хэмжээний тэмцээнд мэргэжлээрээ өрсөлдөж, Г.Номин “Үндэсний шилдэг”-ээр тодорсон амжилт үзүүллээ.
Үзсэн: 4042
Tweet