Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт боллоо


Densmaa 2026-10-13 03:10

Өнөө цагт дэлхийн улс орнуудын үндэсний парламентуудын гишүүний 27,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Зөвхөн 28 улсад эмэгтэйчүүд төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байна.

Найман зууны тэртээ Монголын эртний нийслэл Хархорум хотод өрнө, дорнын элч, төлөөлөгчид хуран чуулж, улс түмнүүдийн харилцаа холбоо, эе эвийг бэхжүүлэх, шашин хоорондын ойлголцлыг дэмжих, чөлөөт худалдаа, арилжааг өргөжүүлэх талаар хэлэлцэж байсан тухай түүхийн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Үүний нэгэн адил дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүний эрх, хөгжил дэвшлийн асуудлыг хэлэлцэн ярилцахаар төлөөлөгчид дэлхийн өнцөг булан бүрээс Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Тодруулбал, Дэлхийн 20 гаруй орны парламентын 88 эмэгтэй гишүүн “Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор Улаанбаатар хотноо чуулж байна. Энэ удаагийн чуулганаар парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах талаар хэлэлцэж, санаа бодол, туршлага, мэдлэгээ хуваалцан, хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд дэлхий нийтэд жендэрийн тэгш байдлыг ахиулах, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх, шийдвэр гаргах түвшин дэх төлөөлөл болон нөлөөллийг нэмэгдүүлэх үйл хэрэгт улс орнуудын хамтын ажиллагааг дэмжихэд идэвхтэй хувь нэмрээ оруулж ирсэн. Тухайлбал, 2022 онд Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн олон улсын бага хурал, 2023 онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, 2025 онд Дэлхийн эмэгтэй бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Монгол Улсын энэ санаачилга, манлайлал нь өнөөдөр дэлхийн улс орнуудын ард түмний төлөөллийн дээд байгууллага болох парламентын түвшинд үргэлжилж байгаа нь онцгой ач холбогдолтой юм.

Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дарга В.Өлзийбаяр: Дэлхийн эмэгтэй парламентчдын энэ удаагийн хурал бол “Төлөөллөөс нөлөөлөл рүү” гэдэг ерөнхий сэдвийн хүрээнд болж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй хууль тогтоогчдын тоон зөвхөн өсөх биш тэдгээрийн дуу хоолой хууль тогтоомж, ард иргэдийн амьдралд хүрч, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тийм учраас үүнийг эрх зүйн талаас нь иргэний нийгэм болон бусад байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрхэн ажиллах вэ, эмэгтэй манлайлагчдын өөрсдийн хоорондын сүлжээ хамтын ажиллагааг хэрхэн нэмэгдүүлж сайжруулж болох вэ зэрэг таван ерөнхий хэлэлцүүлгийг энэ уулзалтын хүрээнд хоёр өдөр зохион байгуулж байна.

Монгол Улс одоогоос 100 гаруй жилийн тэртээ баталсан анхдугаар Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш хэмээн үзэж, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс болсон билээ. Манай улс энэ түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна. Монгол Улсын 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Улсын Их Хурлын 76 гишүүний гурав нь эмэгтэй байсан бол 2024 оны сонгуулиар парламентын 126 гишүүн дотор 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүдийн 25.4 хувийг эзлэх болсон нь манай улсын түүхэн дээд үзүүлэлт юм. Монгол Улс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэдний манлайлал, санаачилгыг бодит шийдвэр, бодит үр дүн болгоход анхаарч ажиллаж байна. Ардчилал, сайн засаглал, хүний эрх, хүртээмжтэй хөгжлийг бэхжүүлэхэд эмэгтэй парламентчдын оролцоо, манлайлал чухал юм. 

Олон улс судлалын доктор Х.Баатархүү: Ер нь парламентад эмэгтэйчүүд түлхүү сонгогдсоноор жендерийн харьцаа хангагдаад зогсохгүй эмэгтэйчүүдээр удирдуулж байгаа байгууллага болон парламент, төр засгийн яамдуудад авилгад харьцангуй бага өртдөг, нийгмийн асуудлуудыг илүү урагшлуулдаг гэх мэт эерэг үзүүлэлтүүд байдаг учраас дэлхийн нийтийн чиг хандлага энэ рүү явж байна. Дэлхийн улс орнуудын бүх ЗГ-ын гишүүд буюу сайдуудын 19 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ тоог өмнөх 10 жилтэй харьцуулахад тотмол нэмэгдсэн байгаа юм. 1927 онд Австрийн парламентыг эмэгтэй хүн удирдаж байсан түүхтэй. Тэр цагаас хойш ер нь тасралтгүй эмэгтэй спикерүүдийн тоо тогтмол нэмэгдээд одоогоор 54 улс орны засгийн газрыг  эмэгтэй спикер удирдаж байна. Эмэгтэйчүүдийн оролцоо манлайлал 21-р зуунд улам л өсөн нэмэгдэж байна. Монгол улсын хувьд ч дэлхийн энэ чиг хандлагатай нийцэж байна. Монгол Улсын хувьд 2 эмэгтэй сайд ЗГ-ын гишүүнээр ажиллаж байна. Цаашдаа дэлхий дахинд феминист гадаад бодлого өргөжин тэлж байгаа учраас улс төрд эмэгтэйчүүдийн манлайлалыг нэмэгдүүлэх , улс төрд оролцож байгаа эмэгтэйчүүдийг бэлтгэх, тэр тусмаа хууль эрх зүйн болоод жендерийн тэгш байдлыг хангахад эмэгтэйчүүдийн оролцоог хангах тал дээр анхаарах нь зүйтэй. Манай улсын өнөөгийн парламентын гишүүд,  Жендерийн үндэсний хороо,  Монгол Улсын ГХЯ болон бусад байгууллагуудыг энэ чиглэлд анхаарч амжилттай сайн ажиллаж байна гэж харагдаж байна. Ялангуяа нийгмийн халамжийн асуудал, хүүхэд гэр бүл хамгаалах асуудалд манай эмэгтэй парламентын гишүүд үеийн үед сайн ажиллаж ирсэн. Мөн гэр бүлийн хууль гэх ерөнхий том хуулийг 2020-2024 оны парламентын гишүүд баталлаа. 2024 оноос хойших парламент ч гэсэн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн чиглэлд анхаарал хандуулж,  жил жилийн төсвүүдээр хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүдийн байгууллагын төсвийг нэмэгдүүлэх чадавхыг нь бэхжүүлэх зэрэгт манлайлал гаргаж ажиллаж байна.  

Эмэгтэйчүүд нь хууль тогтоох, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн бодлого тодорхойлох, төсөв батлах, нөөц хуваарилах, Засгийн газарт хяналт тавих бүхий л түвшинд эрх тэгш оролцож байж, эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах үйл явцад бодит утгаараа нөлөөлөл үзүүлж чадах болно. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах үйл явцад тэгш эрхтэй оролцох үед институцууд илүү хүртээмжтэй, бодлого илүү хариуцлагатай болж, нийгэм илүү уян хатан болдог байна.

Өнөө цагт дэлхийн улс орнуудын үндэсний парламентуудын гишүүний 27,5 хувь нь эмэгтэйчүүд байна. Зөвхөн 28 улсад эмэгтэйчүүд төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байна. Эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад нэмэгдэж байгаа ч шийдвэр гаргах бодит эрх мэдэл, нөлөөлөл тэр хэмжээнд хараахан хүрээгүй байгааг дээрх тоон үзүүлэлт харуулж байна. Харин тэдний мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал юм. 

БНЭУ-ын парламентын доод танхимын гишүүн Кумар Селжа: Энэтхэгт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангахад ихээхэн ач холбогдол өгч байна. Одоогоор манай парламентын доод танхим болох Лок Сабхад сонгогдсон гишүүдийн 13.8% орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа хэдий ч энэ нь хангалттай биш юм. Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн сайн орчин шаардлагатай гэж бид үзсэн. Улмаар 2023 онд хууль баталсан бөгөөд ирэх сонгуулиар нийт суудлын 1/3 эмэгтэйчүүдэд тусгайлан квотлохоор болсон. Энэ нь парламент болон мужийн хуралд суух эмэгтэйчүүдийн тоог үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх юм. Одоогийн байдлаар орон нутгийн болон хот, хөдөөгийн орон нутгийн байгууллагуудад эмэгтэй төлөөлөгч 1/3  квоттой сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 1.4 сая орчим эмэгтэй ажиллаж байна. Ингэснээр хот, хөдөөгийн аливаа түвшинд орон нутгийн шийдвэр гаргах үйл явцыг бодитоор өөрчилж чадсан. Тиймээс цаашид үндэсний болон мужийн түвшинд ч мөн адил эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой гэж бид харж байна. Монголд болж байгаа Дэлхийн эмэгтэйчүүдийн форум нь бусад улс орнуудад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар юу хийж байгаа талаар санал бодлоо солилцоход бидэнд маш том дэмжлэг боллоо гэж бодож байна. Дэлхий ертөнц маш хурдацтай хөгжиж, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо улам бүр нэмэгдэж байгаа ч биднээс маш их хүчин чармайлт шаардсан хэвээр байна. Энэ удаагийнх шиг хурал, форум бидэнд туслахад ихээхэн нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.

Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхимын Тамгын газрын нарийн бичгийн дарга Аннарита Патриарка: Юуны өмнө, бид анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болсон нь Жоржиа Мелони юм. Энэ нь эмэгтэйчүүдийн манлайллын хувьд томоохон үйл явдал болж чадсан бөгөөд нөгөөтэйгүүр бидний хувьд өндөр хариуцлага юм. Учир нь бид дараагийн үеийн эмэгтэйчүүдэд үлгэр дуурайл үзүүлж, тэдний замыг нээж өгөх ёстой. Түүнчлэн бид сонгуулийн хуульдаа өөрчлөлт оруулж, жендэрийн квот нэвтрүүлсэн. Тодруулбал, нэг хүйсийн төлөөллийн дээд хязгаарыг тогтоож, нэр дэвшигчдийн жагсаалтад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг ээлжлэн байрлуулах зохицуулалтыг хуульчилсан. Энэ нь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Өнөөдөр Италийн парламентын суудлын 33 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа нь Европын Холбооны дундаж үзүүлэлт болох 33.4 хувьтай ойролцоо байна. Мөн хөдөлмөрийн зах зээл дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олон шинэчлэл хийсэн. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд бие даах боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн хүчирхийллээс хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгосон. Учир нь эмэгтэй хүн хүчирхийлэлд өртөх үедээ зөвхөн бие махбодын болон сэтгэл санааны хохирол амсаад зогсохгүй, эдийн засгийн хувьд хараат болж, амьдралаа бие даан шийдвэрлэх боломжоо алдах эрсдэлтэй байдаг. Итали улс энэ чиглэлээр олон алхам урагшилсан ч цаашид хийх ажил их байна. Бидний гол зорилго бол шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үзэл бодол, байр суурийг адил тэгш тусгаж, хамтын оролцоонд тулгуурласан шийдвэр гаргах явдал юм. Үүний тулд эмэгтэйчүүдэд зөвхөн парламентын суудал олгох нь хангалтгүй. Тэдний үзэл бодлыг бодитоор сонсож, шийдвэргаргалтад нөлөөлөх хамгийн чухал.

Хорват Улсын Парламентын дэд дарга Сабина Гласовак: Өөрөөр хэлбэл, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 32 хувь байгаа нь хуульд заасан 40 хувийн шаардлагад хүрэхгүй байгаа хэрэг. Энэ нь зарим улс төрийн намууд эмэгтэй нэр дэвшигчдийн тоог нэмэгдүүлж, хуулийг хэрэгжүүлэхийн оронд торгууль төлөхийг илүүд үзэж байгааг харуулж байна. Мэдээж эмэгтэйчүүдийн төлөөллийн тоо, статистик чухал. Гэхдээ зөвхөн тоон үзүүлэлтэд анхаарах нь хангалтгүй. Улс төрд эмэгтэйчүүд цөөн байвал тэд өөрсдөө тухайн улс төрийн орчинд дасан зохицож, өөрчлөгдөх шаардлагатай болдог. Харин улс төрд хангалттай олон эмэгтэй оролцож чадвал улс төрийн тогтолцоо өөрөө өөрчлөгдөх боломжтой. Улс төрийг өөрчилснөөр бид нийгмийг, хүмүүсийн үзэл хандлагыг, мөн хойч үеийнхний өсөн торних орчныг өөрчилж чадна. Энэ удаагийн уулзалт нь өөр өөр нийгмийн орчин, улс орноос ирсэн хүмүүсийн үзэл бодол, туршлагаа солилцох сайхан боломж гэж бодож байна. Бусад улс орнуудын хэдийн хэрэгжүүлсэн, харин манай улсад хараахан нэвтрүүлээгүй сайн туршлагаас суралцах боломж бидэнд олдож байна. Бид энэ туршлагаас суралцаж, эмэгтэйчүүдээ дэмжиж, улс төр дэх төлөөллийг нь нэмэгдүүлж, төрийн чухал байгууллагуудад эмэгтэйчүүдийн оролцоог бэхжүүлж чадна гэж найдаж байна. Ингэснээр нийгэм илүү сайн сайхан болж, хөгжинө гэдэгт итгэж байна. Учир нь эмэгтэйчүүд аливаа асуудалд өөр өнцгөөс хандаж, өөр үзэл бодол, туршлага авчирдаг. Эрүүл мэндийн тогтолцоо, нийгмийн бодлого, эдийн засаг зэрэг салбарын асуудлыг авч үзэхэд эмэгтэйчүүдийн өнцөг, үзэл бодол онцгой ач холбогдолтой. Бид нийгмийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээний үзэл бодлыг харгалзан үзэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүдийн үзэл бодлыг улс төр, нийгмийн амьдралд тусгахгүй байж болохгүй.

Өнөөгийн дэлхий ертөнцийн амар амгалан, аюулгүй байдлыг хангах, хууль дээдлэх ёсыг сахиулах, хөгжлийг тэтгэхэд дэлхийн улс орнуудын эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо, манлайлал нэн чухал байна. Улс орны парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэмэгдэхийн хэрээр хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил, дайн тулаан, тэмцэл мөргөлдөөн гарах магадлал багасдаг болохыг судлаачид нотолдог. Мөн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн чадавхыг сайжруулах, нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэрэг бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэй хууль тогтоогчид илүү их үүрэг гүйцэтгэх учиртай. Тиймээс хүйсийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нэгдмэл зорилгын хүрээнд эмэгтэй удирдагчдын манлайлал, түншлэлийг хөгжүүлэхийн төлөө энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгууллаа.

Үзсэн: 1093

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна