Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Элчин сайд Д.Энхтайван Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


Densmaa 2026-11-25 10:11

Элчин сайд Д.Энхтайван Зүүн Тимор Улсад НҮБ болон Азийн хөгжлийн банкинд ажиллаж буй Монгол иргэдтэй уулзаж, тэдний үйл ажиллагаа, ололт амжилттай танилцлаа

      Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Элчин сайд Д.Энхтайван Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Жозе Рамуш-Ортад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Энхтайван нь Монгол Улс, Зүүн Тимор Улсын хооронд 2003 онд  дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Монгол Улсын анхны Элчин сайд болж байна. Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын үеэр Элчин сайд Д.Энхтайван Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Зүүн Тимор Улсын Ерөнхийлөгчид уламжилж, тус улс Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр элссэнд баяр хүргэв. Түүнчлэн хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, боловсрол болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд мөн Зүүн Тимор Улсад НҮБ болон Азийн хөгжлийн банкны хүрээнд Монгол Улсын иргэд ажиллаж, өөрсдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, туршлагаараа тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, институцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч Жозе Рамуш-Орта Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд талархал илэрхийлж, хариу мэндчилгээ уламжлахын зэрэгцээ Элчин сайд Д.Энхтайванд дипломат үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Д.Энхтайван Зүүн Тимор Улсад НҮБ болон Азийн хөгжлийн банкинд ажиллаж буй Монгол иргэдтэй уулзаж, тэдний үйл ажиллагаа, ололт амжилттай танилцан, тус улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж байгаад талархал илэрхийлэв.

Үзсэн: 91

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна