Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2026
Монгол

Шинэ мэдээ

Монголчууд Энэтхэгт мэргэжил дээшлүүлж байна


Densmaa 2026-11-25 01:11

БНЭУ-ын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монголын 4000 орчим мэргэжилтэн Энэтхэгт төрөл бүрийн сургалтад хамрагджээ.

    1964 оны 9 дүгээр сарын 15-нд байгуулагдсан ITEC хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн Энэтхэгийн засгийн газрын тэргүүлэх санаачилга юм. Тус хөтөлбөр нь "Vasudhaiva Kutubakam" буюу “Дэлхий бол Нэг гэр бүл” хэмээх философи дээр тулгуурласан бөгөөд энэ нь Энэтхэгийн мэдлэг, туршлагаа хуваалцдаг эртний уламжлал ажээ. Энэтхэгийн Засгийн газрын бүрэн тэтгэлэгт уг хөтөлбөр нь тус улсын шилдэг 100 гаруй их, дээд сургуульд 300 гаруй чиглэлээр суралцаж, мэргэжил дээшлүүлэх боломжийг олгодог. Сургалт нь сонгосон хөтөлбөрөөс хамааран нэг долоо хоногоос хоёр жил хүртэл хугацаанд үргэлжилдэг бөгөөд англи хэл, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, парламентын судлал, мэдээллийн технологи, нягтлан бодох бүртгэл, эрчим хүчний инженерчлэл, шүүх шинжилгээ, хэвлэл мэдээлэл зэрэг олон салбарыг хамардаг юм.

     Улаанбаатар хот дахь Энэтхэгийн Элчин сайдын яам Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн 62 жилийн ойг саяхан тэмдэглэн өнгөрүүллээ. Энэтхэг болон түүний Стратегийн түнш болох Монгол Улс хоорондын тогтвортой түншлэлийн хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ITEC хөтөлбөрт хамрагдаж төгссөн Монголын өндөр дээд албан тушаалтан, төрийн албан хаагчид, олон салбарын мэргэжилтнүүд оролцсон юм.

     Арга хэмжээний нээлтэд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве үг хэллээ. Тэрээр дэлхий даяны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ITEC-ийн гүйцэтгэх үүрэг чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрээр хэлсэн үгэндээ цахим шилжилт, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, бизнес эрхлэлт, тогтвортой хөгжил болон нарийн мэргэжлийн техникийн ур чадварыг хөгжүүлэхэд ITEC хөтөлбөрийн ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэж буйг онцолсон бөгөөд ITEC-ийн төгсөгчдийг "энэхүү түншлэлийн хамгийн үнэ цэнтэй элч төлөөлөгчид" хэмээн тодорхойлоод, Энэтхэг-Монголын түншлэлд идэвхтэй оролцогч байхыг уриалсан юм.

      БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве:

    Өнөөдөр бид Энэтхэгийн Техник болон Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны (ITEC) тэтгэлэгт хөтөлбөрийн өдөр буюу 2026 оны ITEC-ийн өдрийг зохион байгуулж байгаадаа маш их баяртай байна. Энэ бол төгсөгчдийн уулзалт юм. Өнөөдрийн уулзалтад 250 орчим төгсөгч ирнэ гэж бодож байсан ч түүнээс олон хүн хүрэлцэн ирсний зэрэгцээ эрхэмсэг ноён Б.Найдалдаа арга хэмжээний хүндэт зочноор оролцсонд баяртай байна. Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүд болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Н.Энхбаяр хүрэлцэн ирсэн. Өнөөдрийн арга хэмжээний үеэр ерөнхийлөгч асан Н. Энхбаярт "Энэтхэгийн анд" шагнал гардууллаа. Түүнчлэн Энэтхэгт суралцаж ирсэн ITEC-ийн төгсөгчид өөрсдийн туршлагаас хуваалцсан. Тэдний зарим нь энэхүү хөтөлбөр Энэтхэг, Монголын хооронд хэрхэн гүүр болж байгаа талаар хуваалцсан юм. Тэдний зарим нь Энэтхэгийн соёл, Энэтхэгийн хоолны соёл, урлагтай танилцсан тухайгаа ярьсан бол зарим нь мэргэжлийн чадавхаа бэхжүүлэхэд тус хөтөлбөр хэрхэн тусалсныг, улмаар Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжтой тухайгаа хуваалцлаа. Тиймээс энэ бол гайхалтай уулзалт бөгөөд төгсөгчдийн энэ сүлжээ тасралтгүй өргөжин тэлж байна. Өнгөрсөн гучин жилийн хугацаанд ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 4,000 орчим Монгол иргэн Энэтхэгт явсан байна. Ирэх өдрүүдэд тэдний тоо улам нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна.

      ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн 62 жилийн ойд зориулсан арга хэмжээний хүндэт зочноор Улсын Их Хурлын Гишүүн, Монгол Улсын Эрчим Хүчний Сайд Эрхэмсэг ноён Б.Найдалаа оролцсон бол Монгол Улсын Гурав дахь Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Н.Энхбаяр Хүндэт зочноор уригдан оролцов. Мөн Улсын Их Хурлын Гишүүн С.Соронзонболд, Боловсролын яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Т.Ням-Очир, Монголын ICCR Төгсөгчдийн Холбооны Тэргүүн Х.Чинбат зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Улсын Их Хурлын Гишүүн, Эрчим Хүчний Сайд Эрхэмсэг ноён Б.Найдалаа хэлсэн үгэндээ Энэтхэг, Монголын боловсролын салбар дахь олон жилийн түншлэлийг онцлон тэмдэглэж, Монгол Улсын хүний нөөцийн хөгжилд Энэтхэг улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлээд, ITEC хөтөлбөрийг хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны чухал гүүр хэмээн тодорхойлсон юм. Түүнчлэн Монгол Улсад хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл болон хөгжлийн түншлэлийн бусад төслүүдэд Энэтхэгийн Засгийн газраас үзүүлж буй дэмжлэг, хувь нэмэрт талархал илэрхийллээ.

    ITEC хөтөлбөр нь байгуулагдсан цагаасаа хойш хоёр орны харилцааг бэхжүүлэх, Өмнөдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Өнөөг хүртэл Монголын 4000 орчим мэргэжилтнүүд эдгээр сургалтын үр шимийг хүртээд байна. ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн 62 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр төгсөгчдийн төлөөлөл өөрсдийн туршлагаас хуваалцаж, сургалтын хөтөлбөрүүд нь тэдний карьерт хэрхэн эергээр нөлөөлсөн талаар ярьж, Энэтхэгийн соёл, нийгмийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Тэдний нэг бол Дотоод хэргийн их сургуулийн Удирдлагын академийн дэд профессор, дэд хурандаа Г.Хосбаяр юм.

      Дэд профессор, дэд хурандаа Г.Хосбаяр: Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг буюу ITEC сургалтын хөтөлбөрт бид нар нийт 29-үүлээ оролцсон. Бид нарын оролцсон сургалтын маань нэр "Хиймэл оюун ухаанд суурилсан шинжлэн магадлах ухаан" гэсэн сэдвийн хүрээнд бид нар 14 хоногийн сургалтад хамрагдаад ирсэн. Бид нар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гужарат мужийн Үндэсний шинжлэн магадлах ухааны их сургуулийн сургалтад хамрагдсан. Сургалтын маань үндсэн чиглэл шинжлэн магадлах ухаан буюу орчин үед гарч байгаа хиймэл оюун ухаан, бид нарын ашиглаж байгаа гар утас, техник хэрэгсэл, компьютер дээр нотлох баримтыг цуглуулахад чиглэсэн сургалт байсан. Энэ нь манай Монгол улсад төдийлөн хөгжиж одоо амжаагүй байгаа шинэ чиглэл юм. Бид нар энэхүү сургалтаар олж авсан мэргэжлийн мэдлэг ур чадвараа чиглэл бүр дээрээ сургалтын хөтөлбөрт тусгаад, мөн оюутан суралцагч нартаа хүргэж байна. Бүгд Найрамдах Энэтхэг улсад очоод бид нар сургалтынхаа хажуугаар тухайн улсынхаа түүх, соёл, хоол, ёс заншил гээд хөтөлбөрүүдтэй танилцах тусгайлсан бас арга хэмжээнүүдэд хамрагдсан. Энэ нь сургалтын маань нэг хэсэг байсан нь маш их таалагдсан.

      Монгол Улсын ITEC хөтөлбөрт хамрагдах оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсээр байна. Тухайлбал, 2025-2026 оны санхүүгийн жилд Энэтхэгийн Засгийн Газраас Монгол Улсад олгосон 274 квотыг бүрэн ашиглаж, 100 хувийн гүйцэтгэлд хүрсэн нь урьд өмнө байгаагүй өндөр үзүүлэлт юм. Мөн 2026-2027 оны санхүүгийн жилд Монголоос 100 гаруй төрийн албан хаагч Энэтхэг Улсад сургалтад хамрагдаад байгаа бөгөөд 2027 оны 3 дугаар сарын эцэс гэхэд дахин 100 мэргэжилтнийг тус хөтөлбөрт хамруулахаар төлөвлөөд байгаа аж. 2026 онд ITEC хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Төрийн Тусгай Хамгаалалтын газрын албан хаагчид болон Монголын Йогчдын Холбооны гишүүдэд зориулсан тусгай сургалтуудыг зохион байгууллаа. Түүнчлэн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь тус хөтөлбөрийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм.

         Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC хөтөлбөр нь Монгол-Энэтхэг хоёр орны найрамдал, хамтын хөгжлийн хүчирхэг бэлэг тэмдэг байсаар байна.

 

Үзсэн: 64

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна