Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайдад бараалхав.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Ерөнхий сайд Хан Сон Сүг-т бараалхав.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээ эрчимтэй өрнөж байгаад баяртай буйгаа тэмдэглээд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын халуун дотно мэндчилгээг уламжлав. Ерөнхий сайд Хан Сон Сүг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улс төр, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж, ард иргэдийн найрамдал, нөхөрлөл улам бүр бэхжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр энэ онд БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёны Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай хэрэгжсэнийг онцлон, тус айлчлалын үеэр хэлэлцэн тохирсны дагуу талууд Консулын хэлэлцээр байгуулж, хоёр орны харилцан оршин суугаа иргэд жолоодох эрхийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломжийг бүрдүүлэх зэргээр иргэдэд үр өгөөжтэй бодит үйл хэрэг болгож байгааг сайшаав.
Талууд хоёр орны худалдааны эргэлтийг ирэх 5 жилд 1 тэрбум ам.долларт хүргэх, харилцан ашигтай Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр байгуулах, шинжлэх ухаан, технологи, эрүүл мэнд, байгаль орчин, соёл, боловсрол зэрэг салбарын бодит хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг төрийн айлчлалын үеэр тавьсан зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Үзсэн: 58
Tweet