Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-05-2024
монгол

Шинэ мэдээ

АСЕМ-ын "Редакторуудын дугуй ширээний уулзалт“ Улаанбаатар хотноо боллоо


Zambaga 2016-07-14 06:07

АСЕМ-ын "Редакторуудын дугуй ширээний уулзалт“ Улаанбаатар хотноо боллоо

       АСЕМ-ын дээд түвшний  уулзалтын  дагалдах хурлуудын нэг  “Редакторуудын дугуй ширээний наймдах удаагийн уулзалт “ 7-р сарын 7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай боллоо.

          Энэ удаагийн уулзалтанд Бельги, Бангладеш, Хятад, Энэтхэг, ОХУ, Ирланд, Польш, Португаль, Монгол зэрэг дэлхийн хорь гаруй орны нөлөө бүхий томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын 30 гаруй төлөөлөгч оролцож, “Ази-Европын цахим харилцаа“ сэдвээр  санал бодлоо солилцсон юм.

Редакторуудын дугуй ширээний уулзалтын талаар оролцогчид өөр өөрийн санал бодлоос хуваалцлаа.

 Энэ тухай “Монголия Сегодня” сэтгүүлийн ерөнхий редактор Ю.Н. Кручкин: “Сүүлийн долоо хоног Асем-ийн 4,5 уулзалт хуралдаанд оролцсоноос хамгийн сайн зохион байгуулалттай нь “Ерөнхий редакторуудын дугуй ширээний уулзалт” байлаа. Бүх оролцогч сэтгэл гаргаж, асууж лавлаж ярилцаж чадлаа гэж бодож байна. Орчин үед Ази-Европын холбоо харилцаа хамгийн чухал зүйлийн нэг. Харилцаа нь бие биенээ хэр зэрэг ойлгохоос ихээхэн хамаардаг.Ер нь аливаа зүйлийг шударгаар дүгнэж чадваас амжилтанд хүрч хөгжиж чаддаг. Үүнд редакторуудын дугуй ширээний уулзалт их ач холбогдолтой. Сэтгүүлчид уулзалтын үр дүн, Монгол орны талаар сэтгэгдлээсээ үзэгч сонсогчидтойгоо хуваалцвал энэ нь Монголд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт болно” гэж хэллээ.

“МҮОНТ  ойрын хугацаанд гадаад сувгаа нээх ёстой. Англи хэл дээр явагддаг сувагбайх юм. Энэ сувгийн мэдээллийн гол эх үүсвэр нь өнөөдрийн энд бий болгож буй хэлхээ холбоо байх юм”гэж МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь ярьсан. Тухайлбал, Азид болж буй бүх үйл явдлыг тус чуулганд оролцож байгаа төлөөлөгчид зангидаж өгдөг, мөн европт болж буй үйл явдлуудыг энд танилцсан Европын хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид  маань холбож өгдөг, өөрөөр хэлбэл мэдээллийн эх үүсвэр болж өгдөг өргөн холбоог бий болох эх үүсвэр маань энэд байж байна.  Үүгээрээ АСЕМ-ын ерөнхий редакторуудын уулзалт их үр дүнтэй, өргөн хүрээг хамарсан, мэдээллийн маш их боломжийг олгож байна гэсэн юм.

 “Ерөнхий редакторууд хоорондоо санал бодлоо солилцохоос гадна тухайн орныг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулдаг” гэж АСЕМ-ын Редакторуудын дугуй ширээний уулзалтын ерөнхий зохион байгуулагч, Ази-Европ сангийн гадаад харилцаа эрхэлсэн захирал Раж Кумар ярьж байна. Тэрбээр цааш ярихдаа, Энэ удаагийн уулзалтаар ерөнхий редакторууд уулзаж байгаагаараа их ач холбогдолтой. Редакторууд хоорондоо санал бодлоо солилцохоос гадна тухайн орныг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулдаг. АСЕМ-аас гарсан шийдвэрийг редакторуудад танилцуулдаг. Энэ удаад “Цахим харилцаа” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Бид уулзалтыг зохион байгуулахын өмнө хоёр удаагийн урьдчилсан уулзалтыг Бельги, Хятад улсуудад хийсэн. Эдгээр уулзалтаар сэтгүүлчид уулзаж, Ази-Европын тухай мэдээ мэдээллийг яаж хүргэх вэ? сэдвээр сургалтанд суусан. Тэнд ажиглагдсан сонирхолтой зүйл гэвэл, Азийн тухай бичдэг Ази сэтгүүлч, Европын тухай бичдэг Европ сэтгүүлчдийг олж харсан. Харин дэлхий даяарчлагдаж хүмүүс дэлхийн бусад хэсэгт юу болж байгааг мэдэхийг үргэлж хүсдэг болсон. Сэтгүүлчид л тэрхүү хэрэгцээг нь гүйцэлдүүлэхэд чухал үүрэгтэй гэсэн юм.  Мөн бид сэтгүүлчдийг олон талын мэдлэг мэдээлэлтэй, ур чадвартай болгохыг зорьдог. Дээрх хоёр уулзалтын үр дүнг энэ удаагийн дугуй ширээний уулзалтаар хэлэлцэж байна. Уулзалт үр дүнтэй байж, хэлэлцсэн асуудлыг олон нийтийн сонорт хүргэхийн чацуу Монгол улсыг олон талаас сурталчилна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Өнөөдөр дэлхий ертөнц даяарчлагдаж буй. Европт болж буй үйл явдал Азид тусгалаа олдог. Азид болж буй үйл явдал жишээ нь Хойд Солонгосын цөмийн асуудал байгаа. Энэ асуудал нь зөвхөн Ази тивийн асуудал биш. Дэлхий дахины санаа зовоож байгаа асуудлын нэг. Тэгэхээр хоёр тивд болж буйг үйл явдлыг түргэн шуурхай хүргэхэд өнөөдрийн хурал их ач холбогдолтой гэж The Mongolian Observer сэтгүүлийн ерөнхий редактор Ч.Бүрэнбаяр хэлж байв. Өөрөөр хэлбэл, Монголд нэг сонин үйл явдал боллоо гэхэд европоос сэтгүүлчид ирээд түүнийг дамжуултал мэдээллийн цаг хугацаа үнэ цэнээ алдана. Тиймээс хоёр тивийн сэтгүүлчид цахим холбоог тогтоох юм бол магадгүй манай эндээс найдвартай эх сурвалжийн мэдээ мэдээллийг аваад шууд дамжуулж болно. Ингэвэл мэдээлэл шуурхай, бодитой хүрнэ. Энэ л механизмыг хэрхэн буй болгох талаар ярилцаж байна. Ер нь бол аль аль талдаа европынхон ч, тэр азийнхан ч тэр ялгаагүй мэдээлэл солилцох зайлшгүй хэрэгтэй. Уламжлалт суваг буюу агентлагаар дамжуулан мэдээлэл авахад албан ёсны болоод цаг хугацаа алдах тохиолдол бий. Эдгээр асуудлыг шийдэхэд энэ хурал үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. 

“Харилцаа холбоо, мэдээллийн сүлжээ олон улсад нэвтрээд удаж байна. Жишээ нь Asian news network  сүлжээгээр дамжуулан Азийн 21 сонин контент солилцоо хийгээд 17 жил болж байгаа тухай Сингапур дахь Конрад Аденаурын сангийн хэвлэл мэдээллийн хөтөлбөр хариуцсан захирал Торбен Жеральд Степан сонирхуулан ярьсан. Тэрбээр энэ удаагийн хэлэлцүүлгийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцахдаа, “Техник технологийн дэвшил нь сэтгүүл зүйн салбарт маш том ололт болж буй талаар үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо. Бид нийгмийн сүлжээний эрин үед амьдарч байна. Хүн бүр нийгмийн сүлжээнээс хүссэн мэдээллээ авах боломжтой. Гэхдээ үүнтэй зэрэгцээд худал болон сурталчилгааны чиглэлийн мэдээлэл нийгмийн сүлжээнд их байдаг. Иймд миний бодлоор сайн сэтгүүл зүй өнөө үед урьд урьдынхаас илүү чухал. Гэхдээ интернет, мессэнжер, и-мэйл зэрэг техникийн дэвшил нь зах зээлд мэдээ мэдээллийг илүү хялбар замаар хүргэж байна.  Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад тив дамнасан хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах боломж олгодог. Техникийн энэхүү дэвшлийн тусламжтайгаар зөвхөн зэргэлдээ орон төдийгүй бусад тивийн сэтгүүлчидтэй уялдаа холбоо сайжруулж хамтран ажиллаж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Ази Европын сэтгүүлчид илүү ойр дотно ажиллах бүрэн боломж буй болсныг илтгэж байна гэсэн юм.

Польш “Выборца” сэтгүүлийн хариуцлагатай редактор Роман Имельски:

Цахим харилцаа холбоо цаашид улам сайжрах хэрэгтэй. Дэлхий даяарчлагдаж байгаа нь Польшид л гэхэд хүмүүс Тайланд, Монгол, Энэтхэг зэрэг Азийн орнуудад юуг болж байгааг мэдэхийг хүсэх болсон. Иймд бид Азийн талаарх материал нийтлэх шаардлага гарч ирж байна. Түүнчлэн Азийн мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ хамтын ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй гэлээ.


 АСЕМ-ийн ”Редакторуудын дугуй ширээний наймдугаар уулзалтыг дүгнэн Ази Европын Засгийн газрууд болон хэвлэл мэдээллийнхэнд хандан зөвлөмж гаргасан. Тус уулзалтыг үр дүнтэй, амжилттай болсон тухай ерөнхий зохион байгуулагч Ази Европын сангийн гүйцэтгэх захирал, Элчин сайд Жан Ян хэллээ. Тэрбээр уулзалтыг зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газар, Гадаад Харилцааны Яам, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл маш том дэмжлэг үзүүлэн ажилласан тухай онцлоод, гишүүн орнуудын төлөөлөл ч идэвхтэй оролцсоныг тэмдэглэн хэллээ. Мөн Ази Европын хамтын ажиллагааг дэмжих зорилготой байсан гэдгийг дурьдлаа. Уулзалтаар “Цахим харилцаа” нь Ази Европын хамтын ажиллагаанд хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар ярилцсан. Тус уулзалт нь Ази Европын хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны томоохон үйл ажиллагаа болон өргөжинө гэдэгт итгэж байгаагаа хэвлэл мэдээллийнхэнд өгсөнд ярилцлагандаа хэлсэн юм.

          Ази-Европын улс орнууд, ард түмний  харилцаа холбоог өргөжүүлэхэд хэвлэл мэдээлэл онцгой ач холбогдолтой. Иймээс хэвлэл, мэдээллийн салбарынхны хамтын ажиллагаа,уялдаа  холбоог бэхжүүлэхэд Ерөнхий редакторуудын дугуй ширээний уулзалт ярилцлага чухал хувь нэмэр орууллаа. 


 

Үзсэн: 893

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна