Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Өмнөговь аймагт ажиллалаа
Өмнөговь аймаг 150 мянган хүн амтай, хамгийн олон буюу 19 уул уурхайн компани, түүний туслан гүйцэтгэгч 1600 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг ажээ
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Өмнөговь аймагт ажиллаж, Бүсийн оношилгоо, эмчилгээ, цаашдын бодлогын талаар санал солилцлоо. Тус аймаг 150 мянган хүн амтай. Хамгийн олон буюу 19 уул уурхайн компани, түүний туслан гүйцэтгэгч 1600 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж. Гашуун сухайт, Шивээ хүрэн гэсэн хоёр том хилийн боомттой, тээвэр, уул уурхай, хүний хөдөлгөөн хамгийн их төвлөрсөн бүс нутаг юм. Үүнийгээ дагаад эрүүл мэндийн асуудал, осол аваар их тохиолддог тул аймгаас эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийн ажиллаж байгааг мэдээлэв. Мөн Цагаан хад суурьшлын бүсэд 22 мянган хүн ажиллаж амьдардаг, эмнэлэг, сургуулийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа гэлээ. Тус суурьшлын бүсийн иргэд эрүүл мэндийн асуудал үүсэхэд Ханбогд сум руу 100 км явж тусламж үйлчилгээ авдаг байна. Иймд эмнэлэг барих хэрэгцээ чухал байгаа ч газар, статусын асуудал үүссэн тул шийдвэрлэж өгөхийг хүсчээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, “Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй уул уурхайн салбарт ажиллаж байгаа олон мянган иргэний эрүүл мэндийг хамгаалах. Цагаан хад суурьшлын бүсэд эмнэлэг барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр Ерөнхий сайд үүрэг өгсөн. Энэ хүрээнд БОУАӨЯ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрүүл мэндийн яам хамтран хилийн боомт дахь газар олголтын асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр газар дээр нь ажиллаж байгаа. Засгийн газрын тогтоол гарснаар тухайн суурьшлын бүсэд эрүүл мэндийн төв байгуулах боломж бүрдэнэ” гэв. Мөн тээвэр зуучлал хийж байгаа компаниуд жолооч, ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулах тал дээр аймгийн удирдлагууд мэдээлэл, шаардлага хүргүүлэн хамтран ажиллахыг даалгалаа.
Үзсэн: 74
Tweet