Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

АСЕМ-ын төлөөлөгчид “Нүүдэлчдийн наадам” үзлээ


Zambaga 2016-07-15 02:07

АСЕМ-ын төлөөлөгчид “Нүүдэлчдийн наадам” үзлээ

 7 дугаар сарын 15-ны үдээс хойш АСЕМ-ын  Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй төлөөлөгчид АСЕМ-ын 20 жилийн ойн баярыг тэмдэглэх хүрээнд “Чингисийн хүрээ” цогцолборт зочилж “Нүүдэлчдийн наадам”-ыг үзэж сонирхлоо.  

Наадамд Төрийн хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, наадмыг нээж Төрийн есөн хөлт цагаан тугийг залах ёслол болов. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Монгол наадам бол монголын ард түмний дээд хүндэтгэлийн илэрхийлэл юм. Монголчууд агуу түүхээрээ, олон зууны турш бүтээж, хадгалж ирсэн арвин соёл уламжлалаараа бахархдаг. Монголчуудын ялалт амжилт, хөгжил дэвшлийн нууц ч монгол наадамтай холбоотой. Монголчуудын ёслол бахархал, цэнгэлийн дээжээс Та бүхэндээ толилуулж байна” хэмээв.

“Нүүдэлчдийн наадам”-ын хүрээнд монгол уламжлалт эрийн гурван наадам болох бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа болж, үндэсний өв соёлыг сурталчилсан язгуур урлагийн тоглолт, цамын бүжгээс сонирхууллаа.

Наадмын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүрэлцэн ирсэн АСЕМ-ын гишүүн орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нарыг хүндэтгэн зоог барилаа. Энэ үеэр АСЕМ-ын зарчмын дагуу яриа хэлцээ албан бус байдлаар үргэлжиллээ.

 

Үзсэн: 1197

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна