Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 01-05-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын хөрөнгийн бирж


Enkhsuren 2017-04-10 05:04

Монголын хөрөнгийн биржид 400 гаруй хувьцаат компани бүртгэлтэй байна.

    Монголын хөрөнгийн бирж нь Монгл Улсад үйл ажиллагаа явуулж буй анхны, цорын ганц хөрөнгийн бирж юм. Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үе шатанд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулсан.

Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 1992-1995 онуудад нийт 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлэн 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлсэн.

Тэгвэл өнөөдөр Монголын хөрөнгийн биржид 400 гаруй хувьцаат компани бүртгэлтэй байна. Хуулийн дагуу хувьцаат компани жилийн тайлангаа хэлэлцэж, нийт хувьцаа эзэмшигчдэдээ хүргүүлэх ёстой. Тэгвэл Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын дийлэнх нь холбогдох материалаа ирүүлдэггүй, ногдол ашгаа тогтмол тараадаггүй аж.

Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахын тулд олон улсын мэргэжлийн багаар удирдуулахаар болж, уралдаант шалгаруулалтад 11 улсын 10 баг оролцсоноос Лондоны хөрөнгийн бирж, Франкфуртын хөрөнгийн бирж, “Korean exchange”, “Nasdaq” консорциум тунаж үлдсэнээс Төрийн Өмчийн Хороо Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Монголын “Петровис”-ийн охин компани болох “Петро Матад”  Лондоны хөрөнгийн биржээс хөрөнгө босгож байна. Энэ нь манай орны хувьд гадаадын зах зээлд IPO хийсэн анхны үндэсний компани. Тус компанийн хувьцааны үнэ монгол мөнгөөр анх тооцоолоход 800 төгрөг байсан бол нэг жилийн дотор 4000 төгрөгт хүрч, тав дахин өссөн нь Лондоны хөрөнгө оруулагчид Монголын компаниудад хэр ээлтэй болохыг харуулна.

“200 жилийн түүхтэй Лондоны хөрөнгийн бирж  нөр их дадлага, туршлага хуримтлуулсан. Тиймээс бид Монголын компаниудад зөвхөн хөрөнгө босгох нөхцөлийг бүрдүүлэх бус, тэдний нэр хүндийг  олон улсын тавцанд өсгөж өгнө” гэж Лондоны хөрөнгийн биржийн Үнэт цаасны анхдагч зах зээлийн газрын захирал Трэйси Пиерс тэмдэглэж байсан билээ.

 “Гадаадын компаниуд Монголын ашигт малтмалын нэрийг барьж, мөнгө босгож болоод байхад бид яагаад чадахгүй гэж” хэмээн МУ-ын Ерөнхий сайд тэмдэглэж, Монголын хөрөнгийн зах зээлийг дэлхийн жишигт нийцүүлэх санаачилга гаргаж байсан.

Засгийн газар Монголын хөрөнгийн биржийг дэлхийн жишигт хүргэнэ гэсэн зорилготой ажиллаж байна. Тэгвэл Монголын эдийн засаг хөгжлийн шинэ шатандаа гарч буйг мэргэжилтнүүд тэмдэглэлээ. Хэдхэн жилийн өмнө монгол компани олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгоно гэдэг мөрөөдөл төдий байсан бол өнөөдөр “Петро Матад”, “Mongolian mining corporation”, “Хүннү коал”, “Харанга ресорсез” зэрэг компани Лондон, Хонконг, Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжаалж байгаа бол Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Erdene Resource Development Corporation”, “South Gobi Resources”, “Turquoise Hill Resources” зэрэг 11 компани бий.

Хөрөнгийн зах зээлийн хөгжил юу юунаас илүү иргэд биднээс шалтгаална гэвэл буруудахгүй. Монгол хүн бүр “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч. Юун түрүүнд иргэд хөрөнгийн зах зээлийн тухай мэдлэгээ зузаатган, арилжаанд идэвхтэй оролцох явдал гэж үзэж байна.

Тиймээс мэргэшсэн хэсэг залуу нэгдэн хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоог байгуулжээ. Манай зах зээлд арилжааны банкууд гол тоглогч байж, хөрөнгийн зах зээл нэг тулгууртай явж ирсэн. Энэ байдлыг өөрчилж эдийн засгаа өөрчлөх, хамгийн гол нь иргэд хуримтлалтай болохын тулд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага зүй ёсоор үүсээд удаж байгаа. Тиймээс тус холбооны гишүүнчлэл олон нийтэд нээлттэй байх юм. Энэ тухай Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоог үүсгэн байгуулагч Д.Ангараас тодрууллаа.

    Д.Ангар: Бид нэг зөв жишгээр, нэг компаний хувьцааг дотоодын зах зээлд гаргаад үзүүлчих юм бол энэ чиглэл рүү ихэнх аж ахуйн нэгж өөрсдөө зөвхөн манай холбоогоор дамжихгүйгээр дотоодын санхүүгийн зах зээлд шинэ жишиг гаргана гэж найдаж байна. Эхний томоохон санхүүжилтийг 1-2 жилийн дотор гаргана гэж харж байна.

Хөрөнгийн зах зээлийн нээлттэй холбоо нь дунд хугацаандаа хувийн хэвшилд суурилсан хөрөнгийн бирж байгуулах нөхцөл болох юм. Ингэснээр дотоодын зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж бүтээгдэхүүн үйлчилгээний чанар сайжирна гэдгийг үүсгэн байгуулагч А.Мөнхбаяр ярьж байна.

    А.Мөнхбаяр: Хэдхэн хоногийн дотор долларын ханш өсчихлөө. Тэгвэл бид эргээд нэг юм харах хэрэгтэй. Томоохон компаниудын хувьцаа худалдаад авчихсан тохиолдолд 10,20 жилийн дараа энэ компаниуд улам өргөжин тэлнэ. Өнөөдөр таван хүн нийлээд компани байгуулж, хувьцаа гаргаад, үйл ажиллагаа нь сайн явж байгаа тохиолдолд томрох боломж монголд бий. Компани өргөжин тэлсэн байхад ашиг нь өндөр байна. Ноогдол ашгаа авах боломжтой. 

Өндөр хөгжилтэй улс орнууд баялгийн хуваарилалтаа хөрөнгийн биржээр дамжуулан хийдэг. Тэгвэл өнөөдөр Монголын хувьцаат компаниудын багаахан хувь нь биржээр дамжуулан арилжаа хийж байна.  

Нөгөө талаар өндөр хөгжилтэй улсын санхүүжилтийн 40-50 хувь нь хөрөнгийн биржээр дамждаг. Тиймээс Монгол Улсад хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийг зайлшгүй хөгжүүлэх цаг нь болжээ гэж мэргэжилтнүүд харж байна.

Үзсэн: 1574

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна